Ган дугуйгаар зам төмрөө балбан галт тэрэг өмнө зүг рүү гуугачин давхиж авай. Суудлын вагонуудын тасалгаа бүхэнд хүмүүс шуугилдаж, тоглох нь тоглон, ууж идэх нь ууж идэж, хэзээ язааны нэгэн их том гэр бүл мэт. Гэвч тэнд далд амраглал, дайсагнал, зүгээр нэг унтаарал, хий мөрөөдөл зэрэг болох болохгүй юм бүхэн сүлэлдэн байх ажгуу.
Гэрэл хүүхэн энэ бүхнийг огоорсон ч үгүй тасалгааны дорд орны мухар руу нугдайн сууж баахан цай гүзээлээд морь харахаар гадагш гарлаа. Тэрбээр нүүр амаа тэгтэл нь их будаж шунхдаагүй, ер нь баахан хайш яйш хувцасласан, гуч эргэм насны нэгэн ажгуу. Гэлээ гэхдээ өөртөө эрэмшсэн бардам ихэмсэг, аян замд ийнхүү олонтаа явж доль цохисон байдал нүүр царайд нь бичсэн мэт тов тодхон харагднам. Гэвч түүнийг хэн ч, тэр өөрөө хэнийг ч нэг их анзааралгүй явсаар зорьсноо гүйцээгээд тамхи асаан хонгилд зогсов. Цонхоор харахад галт тэрэг хав харанхуй тал дундуур сандчих мэт давхин явнам.
Уйтгартай, сэтгэл нозоором ийм аялалд Гэрэл олон удаа явж дассан болохоор гүехэн бодрол толгойд нь эргэлдэж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх Эрээний захаас юу юу хамж шимж авахаа бодолхийлнэ. Гэтэл дэргэд нь нэгэн хүн ирж зогсон асаагуур шартхийлгэн янжуур босголоо. Орон гэртээ л байгаа юм шиг халаад эгэлдэргэлж, гэрийн шаахай угласан тэр залуу хорин дөрөв таван насны нэгэн бололтой. Бас л хал үзэж, халуун чулуу долоосон наймаачдын нэгэн гэдэг нь хараажаар илэрхий.
-Бүгчимхэн, бас гунигтайхан шөнө байх чинь хэмээн тэрбээр үг өдөх янзтэй тэрхэндээ гүвтнэн өгүүлэв. Гэрэл хариу хэлсэнгүй амаа үл мэдэх мурисхийлгэсэн нь инээвхийлсэн, ярвайсныг алин болох нь бүү мэд. Залуу эр нэгэнт л ам нээснийх гэсэн шиг:
-Та долоо хоног бүр л явах юм аа даа? Хэмээн сүрхий дотносох аятай өгүүлэв.
Тэр үнэн. Гэрэл энэ замаар энэ галт тэрэргний дугуйн дээр арваад жилийн амьдралынхаа ихэнхийг өнгөрөөж яваа нэгэн бөлгөө. Эцсийн эцэст элэг бөөр ч үгүй, эцэс хойшоо даах хөрөнгө мөнгө ч үгүй тэр байтугай хань ижил, үр хүүхэдгүй нэгэн болж үлдэнэ гэдгээ мэдэх. Тиймээс ч нааш харсанд энгэрээ ярж, цааш харсанд аашаа хамиж чаддаг сүрхий шулуун зантай болжээ. Гэрэл яагаад ч юм уртаар сүүрсэн алдав. Залуу эрийн хэлсэнчлэн бүгчимхэн, гунигтайхан орчиндоо сэтгэл тавгүйтснийх байж болох. Тэр залуу инэгсгээд юун өгүүлэхийг зөнгөөрөө мэдэрч байлаа. Үнэхээр
-Манайд орж жаахан юм уух уу? Гэв.
Хүн урьж байхад яана гэж цаараглах. Уйлдаг дуулдаг орчлон гэгчээр тээж яваа амьдрал нь ийм л ааш аягтай галт тэрэг юм чинь. Залуу эр хүүхнийг тасалгаандаа оруулав. Тэнд нам гүм гэрэл нь бүүдгэр, цэв цэвэрхэн ажгуу. Ширээн дээр чихэр жимс, архи ундаа өржээ. Чансан мах, зүссэн бяслаг ч харагдана. Гэвч тэнд тэр залуугаас өөр хүнгүй аж.
-Та ганцаараа яваа юм уу гэж Гэрэл сая л ам нээлээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.