Амгалан. (4 настай хүү)
Би тэр Чулуунаас холдож чадахгүй байсан. Нэг өдөр би зугтаагаад холоо явж байсан чинь засмал зам дээр улаан автобус эвдэрчихсэн байлаа. Олон хүн автобуснаас буугаад хагарсан дугуйг нь хараад л. Ээж жолоочийг шоолоод л, муу жолооч л ингэж дугуй нь хагардаг юм гэсэн. Жолооч ээжийг махир төмөр барьж хөөгөөд л. Би тэгээд л ээжийнхээ өвөрт давхиад орчихсон юм шүү дээ гэж ярилаа.
Амгалангийн ээж Н:
Энэ бүгд үнэн. 1989 онд бил үү дээ би Баянхошууны хойгуур явдаг автобусанд суугаад явж байсан чинь Далан давхрын зэрэгцээ ирээд дугуй нь хагарчихлаа. Жолооч нь хүн амьтангүй газар биднийг буулгачхаад мөд явахгүй шүү. Та нар унаагаа өөрсдөө олцгоо гэж билээ. Бид жолоочид гомдон элдвийн л үг хэлсэн. Би ойрхон байсан болохоор санаанд ч үгүй: Муу жолооч л ингэж дугуй нь хагарч суудаг юм гэсэн чинь торцовоо бариад хөөж билээ. Би зугтааж хүмүүсийн араар нуугдаж байж арай л цохиулчхаагүй. Энэний дараахан би хөл хүндтэйгээ мэдсэн. Ямар амьтных нь сүнс ирсэн юм, осолгүй л миний хүү ээждээ Далан давхраас эргэж ирсэн юм даа гээд өхөөрдөж сууна.
Энхзаяа (3 ой хагастай, хүү).
Ээж ээ, би лам байсан шүү дээ. Тэр муу үдээр шиг хар Цоогоог хараад мөн их айдаг сан. Ирж яваа харагдахаар нь барааныхаа доогуур ороод нуугдчихдаг байсан. Намайг буудна гээд л гар буугаа долоолгохоор нь би өвдөгнөөс нь зуураад амь өршөө, амь өршөө гэдэг сэн гэж ярьжээ.
Энхзаяагийн өвөө аав ярих нь: Манай нутагт Ловон Чүлтэм гэдэг лам байсан. Бид бол Ловон л гэнэ. Нууж гүрэм ном хийнэ. Лүйжин тавина. Түүнийг нь дотоод яамныхан мэдчихээд байнга мөрдөж мөшгөнө. Хэд хэдэн удаа бариад их ч удаагүй гарсан байх. Өөрөө ч төвөг гэж бодох болсон. Тэгээд хар болж хүмүүсээс буруулж явдаг болж билээ. Мөртөө л мал маллаж байгаад их өндөр насалж саяхан таалал төгссөн. Хэлтсийн хар Цогзол гэдэг ёстой үдээр шиг хөх ахмадаас Ловон үнхэлцгээ хагартал айдаг байсан юм.
Барааныхаа доогуур нуугдаж байсныг мэдэхгүй. Их л айдаг, хаа яваа газраа зугтааж явдаг байсан юм. Цогзол нэлээн хэдэн жилийн өмнө нас барсан. Дараахан нь Ловонтой уулзахад;
-Өнөө муу үдээрээсээ салж амарлаа. Хэр баргийн юманд өнхөрдөггүй хэцүү толгой шүү гэж байсан сан. Тэр муу үдээр шиг хар Цоогоог хараад мөн их айдаг сан гэдэг нь яриангүй Цогзол мөн. Энхзаяа хүү бол яриангүй Ловон ламын сүнс. Байгаа байдал нь жигтэйхэн адилхан. Хэн ч зааж өгөөгүй байхад бие засахаар гарахдаа За нэг гадаалчхаад ирье гээд л гардаг юм даа. Энэ хүүг лам болговол сайн лам болно гэж ярилаа.
Энхнасан (3 ой 6 сартай, охин)
Баруун шуу дээр нь давхиж яваа морины хэлбэртэй улаан мэнгэтэй. (Томоо мэнгэ)
Ээж нь ийнхүү ярилаа.
-Миний нөхөр Базаргарьд гэж жолооч хүн байсан юм. Бид хоёр суугаад арваад жил болсон. 2 хүүхэдтэй сайхан амьдарч байсан. Нөхөр маань Говь-Алтай руу ажлаар яваад Даваанаас гулсаж осолдсон юм. 2 жил хэртэй ганцаараа яваад энэ нөхөртэйгөө нийлсэн. Суугаад гарсан охин нь энэ. Баруун шуун дээрээ давхиж яваа морины хэлбэртэй улаан мэнгэтэй гарсан. Анхны маань ханийн сүнс яриангүй мөн. Моринд хорхойтой хүн байсан юм. Тэгээд баруун шуун дээрээ яг энэ мэнгэ шиг давхиж яваа морины дүрс шивсэн, зүүн шуун дээрээ Д. Г (Даваагийн Галсмаа) гэж миний овог нэрийн эхний үсгүүдийг томоор шивсэн байж билээ. Тэр морины дүрс миний охинд яах аргагүй бууж ирсэн байна билээ. Тэгэхээр миний нөхөр ханьдаа эргээд ирсэн. Одоогийн хань маань архи ууж намайг их зовоодог хүн. Олон удаа өнгөрөөсөн. Сүүлдээ салдаг ч юм уу гэж хэд хэдэн удаа тусдаа болж үзсэн. Салчхаж болно л доо. Анхны минь ханийн сүнсийг олгож өгсөн юм гэж бодохоор өрөвдөөд байдаг юм гэж ярьсан.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.