Монгол Улс байгалийн баялагтай. Харин баялаг газар доороо байгаад улс хөгждөггүй. Хайгуул хийж, нөөцөө тогтоож, хөрөнгө оруулж, олборлож, боловсруулж, экспортолж байж баялаг эдийн засгийн эргэлтэд орно.
Үүнийг хийхийн тулд компаниуд төрөөс тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө мөнгөө эрсдэлд оруулж, татвар төлж, ажлын байр бий болгож байна.
Гэтэл хууль ёсны зөвшөөрөлтэй хайгуул, олборлолтын ажлыг хэсэг бүлэг хүн зам хааж, техник зогсоож, ажилчдыг нэвтрүүлэхгүй байх зэргээр тасалдуулчхаад ямар ч эдийн засгийн хариуцлага хүлээдэггүй байж болох уу? Болохгүй⁉️.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх бий. Эсэргүүцэх эрх бий. Тайван жагсаал, цуглаан хийх эрх бий. Гэхдээ бусдын хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах эрх гэж байхгүй‼️.
Тэр тусмаа хууль ёсны үйл ажиллагааг санаатайгаар зогсоож, бодит хохирол учруулсан бол би үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг тайлбар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байж болохгүй.
Монгол Улсад одоо хууль ёсны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хууль бусаар зогсоосноос учирсан бодит хохирол, олох ёстой байсан орлогыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг эрх зүйн механизмыг тодорхой болгох шаардлагатай байна.
1. Тусгай зөвшөөрөл бол төрөөс олгосон хууль ёсны эрх өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэдэг зүгээр нэг цаас биш.
Төр хуульд заасан шаардлагыг хангуулж байж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ч байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, татвар, төлбөр болон бусад хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.
Компани хууль зөрчвөл төр хариуцлага тооцно. Харин компани хуулиа сахиж байгаа бол төр хууль ёсны эрхийг нь хамгаалах ёстой.
Төр нэг гараараа тусгай зөвшөөрөл өгч, нөгөө гараараа хууль бус саад тотгорыг хараад сууж болохгүй.
2. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь бусдын ажлыг зогсоох эрх биш бөгөөд энэ заагийг маш тодорхой болгох хэрэгтэй.
Уул уурхайг шүүмжилж болно. Төслийг эсэргүүцэж болно. Байгаль орчны мэдээлэл шаардаж болно. Төрийн байгууллагад гомдол гаргаж болно. Шүүхэд хандаж болно. Тайван жагсаал, цуглаан хийж болно.
Харин хууль ёсны ажлын талбайг хаах, техник хөдөлгөхгүй болгох, ажилчдыг нэвтрүүлэхгүй байх, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх биш үйлдэл.
Эрхзүйт нийгэмд аливаа хувь хүн ямар нэг үйлдэл хийсэн бол түүний хууль зүйн үр дагавар яригдана.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүртэл аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлагыг тусгасан.
Тэгэхээр асуудал үг хэлэх эрхийг хязгаарлахад биш, хууль бус үйлдлийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэхэд байна.
3. Уурхай зогсоно гэдэг улсын төсвийн орлого зогсоно гэсэн үг
Уурхайн үйлдвэрлэл зогсоход компанийн захирал ганцаараа хохирдоггүй. АМНАТ, татвар, төлбөр болон бусад төсвийн орлого тасалдана. Төсөв гэдэг хийсвэр зүйл биш. Тэндээс багшийн цалин гарна. Эмчийн цалин гарна. Төрийн албан хаагчдын цалин гарна. Сургууль, эмнэлэг, зам, нийгмийн үйлчилгээ санхүүжнэ.
Тэгэхээр хууль бус үйлдлээр уурхай зогсоочхоод би зөвхөн компанийг эсэргүүцсэн гэж тайлбарлах нь эдийн засгийн бодит үр дагаврыг үгүйсгэсэн хэрэг.
4. Нэг уурхай зогсоход олон зуун ханган нийлүүлэгч хохирч болно
Уул уурхай бол ганц экскаватор, ганц уурхайчин биш бөгөөд тээвэр, шатахуун, цахилгаан, хүнс, хувцас, засвар үйлчилгээ, лаборатори, геологи, өрөмдлөг, барилга, хамгаалалт, даатгал, банк, программ хангамж гээд асар том сүлжээ бий.
Уурхай зогсвол энэ сүлжээний захиалга тасарна. Нэг уурхайн хаалгыг хаахад цаана нь Монголын олон жижиг, дунд компанийн орлогын хаалга хаагддаг. Үүнийг иргэний хөдөлгөөн гэсэн ганц өгүүлбэрээр цайруулж болохгүй.
5. Монгол хүний ажлын байр хамгийн түрүүнд өртөнө
Үйлдвэрлэл зогсвол компани тодорхой хугацаанд цалингаа төлж чадна. Харин зогсолт үргэлжилбэл яах вэ? Сул зогсолт нэмэгдэнэ. Зардал танана. Гэрээ цуцална. Шинээр хүн авахгүй. Эцэст нь ажлын байр цөөрнө. Тэр ажлын байр бүрийн цаана гэр бүл бий.
Тиймээс уул уурхайн эсрэг хууль бус саад тотгорын бодит хохирогч нь эцэстээ Монголын ажилчин, Монголын өрх болдог.
6. Хохирол гэдэг зөвхөн эвдэрсэн техник биш
Манайд хохирлыг юу эвдэрсэн бэ? гэж харах хандлага түгээмэл.
Гэтэл бизнесийн хамгийн том хохирол заримдаа эвдэрсэн эд хөрөнгө биш, олох ёстой байсан орлого, алдагдсан боломж байдаг.
Иргэний эрх зүйн хохирлын ойлголтод бодит хохирлоос гадна эрх нь зөрчигдөөгүй бол олох байсан орлогын асуудал хамаардаг.
Тиймээс хууль бус үйлдлээс болж уурхай 10 хоног зогссон бол хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан, ямар орлого олох байсан, ямар татвар төлөх байсан, сул зогсолтын ямар зардал гарсан, гэрээний ямар үүрэг тасалдсан гэдгийг баримтаар тогтоож болно. Хохирол бодитой бол төлбөр нь ч бодитой байх ёстой.
7. Хайгуулыг зогсоох нь Монголын ирээдүйн баялгийг зогсоож байгаа хэрэг
Уул уурхай олборлолтоос эхэлдэггүй. Хайгуулаас эхэлдэг. Геологичид судална. Өрөмдөнө. Сорьц авна. Лабораторид шинжилнэ. Нөөц тогтооно. Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулна. Үүний дараа л олборлолтын асуудал яригдана.
Арван хайгуулын төсөл бүр уурхай болдоггүй. Хөрөнгө оруулагч асар өндөр эрсдэл хүлээдэг. Тийм байхад хууль ёсны хайгуулын ажлыг хүртэл улс төржүүлж, дарамталж, зогсоогоод байвал маргааш Монголд шинэ орд хэн нээх вэ? Хайгуулгүй бол шинэ нөөцгүй. Шинэ нөөцгүй бол шинэ уурхайгүй. Шинэ уурхайгүй бол ирээдүйн экспорт, татвар, ажлын байр байхгүй.
8. Уул уурхайгаа муулах нь хөгжлийн бодлого биш
Монгол Улс өнөөдөр уул уурхайгаас үлэмж хамааралтай эдийн засагтай. Үүнийг хүссэн хүсээгүй бодит байдал гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Асуудал уул уурхайтай байх эсэхдээ биш. Хариуцлагатай, технологид суурилсан, байгаль орчны өндөр стандарттай, нэмүү өртөг шингээсэн уул уурхайг яаж хөгжүүлэх вэ гэдэгт асуудал байна.
Уурхай бүрийг дайсан мэт харах популизм Монголыг үйлдвэржүүлэхгүй. Хайгуул бүрийг зогсоох улс төр Монголд шинэ баялаг бий болгохгүй. Хөрөнгө оруулагчийг үргээх нь эх оронч бодлого биш. Монголын баялгийг Монголын хөгжилд ашиглах нь жинхэнэ бодлого.
9. Хууль бус дарамтын төлөөсийг хөрөнгө оруулагч биш, буруутай этгээд хариуцах ёстой. Хууль ёсны бизнесийг хууль бусаар зогсоосны зардлыг өнөөдөр хэн төлж байна вэ? Компани төлнө. Ажилчид төлнө. Ханган нийлүүлэгчид төлнө. Төсөв орлогоороо төлнө. Эцэст нь Монголын эдийн засаг төлнө. Харин хууль бус үйлдэл хийсэн этгээд бодит эдийн засгийн хариуцлага хүлээхгүй үлдэх тохиолдолд буруу жишиг бий болно. Тиймээс хууль бус үйлдэл, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо шүүхээр тогтоогдсон бол буруутай этгээд бодит хохирол болон нотлогдсон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх зарчим тодорхой үйлчлэх хэрэгтэй. Энэ бол амыг нь барих хууль биш бөгөөд хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг эрх зүйт төрийн зарчим.
10. Монголд уул уурхай биш, хуульгүй авир аюултай Хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэх ёстой. Ус бохирдуулсан бол хариуцлага тооц. Нөхөн сэргээлт хийгээгүй бол хариуцлага тооц. Татвараас зайлсхийсэн бол хариуцлага тооц. Тусгай зөвшөөрлийн нөхцөл зөрчсөн бол хуульд заасан арга хэмжээ ав. Харин хуулиа биелүүлж хууль ёсоор ажиллаж байгаа компанийн ажлыг хэн дуртай нь очоод зогсоодог байж болохгүй‼️.
Хууль зөрчсөн компанийг төрийн хуулиар зогсооно. Харин хууль ёсны компанийг сүрдүүлэг, дарамт, зам хаалт, хүч хэрэглэсэн болон бусад хууль бус аргаар зогсоохыг зөвшөөрч болохгүй. Энэ хоёрын ялгааг Монголын төр маш хатуу тогтоох цаг болсон.
Хуулийн зарчим ийм энгийн байх ёстой. Иргэн, хуулийн этгээд үзэл бодлоо илэрхийлэх, хуульд заасан журмаар тайван жагсаал, цуглаан хийхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулахгүй байх үүрэгтэй.
Үүний дараагийн зарчим бол хууль ёсны үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулсан, зогсоосон буюу хэвийн ажиллагаанд нь саад учруулсан үйлдэл болон түүнээс учирсан хохирол, шалтгаант холбоо шүүхээр тогтоогдсон бол буруутай этгээд бодит хохирол, олох ёстой байсан орлого болон шууд шалтгаант холбоотой бусад нотлогдсон хохирлыг хуульд заасан журмаар нөхөн төлнө. Ингэж байж эрх, үүрэг хоёр тэнцэнэ.
Монгол Улс баялгаа ашиглаж байж хөгжинө Бидэнд зэс байна. Нүүрс байна. Алт байна. Уран байна. Газрын ховор элемент болон бусад стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын боломж байна.
Нэг зүйлийг сайн ойлгох цаг болжээ. Газар доорх баялгийг хараад сууснаар сургууль баригдахгүй. Эмнэлэг санхүүжихгүй. Цалин нэмэгдэхгүй. Технологи хөгжихгүй. Үйлдвэр бий болохгүй. Баялгийг мэдлэг, технологи, хөрөнгө оруулалттай хослуулж эдийн засгийн эргэлтэд оруулж байж үндэсний баялаг болгоно. Тиймээс Монгол Улс хайгуулаа дэмжих ёстой. Хариуцлагатай олборлолтоо дэмжих ёстой. Боловсруулах үйлдвэрээ дэмжих ёстой. Монгол ханган нийлүүлэгчдээ дэмжих ёстой. Геологич, инженер, уурхайчдаа дэмжих ёстой. Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрхийг хамгаалах ёстой.
Харин хууль зөрчсөн хэн боловч компани байна уу?, албан тушаалтан байна уу, иргэн байна уу? хуулийн өмнө ижил тэгш хариуцлага хүлээх ёстой.
Компани хууль зөрчвөл хариуцлага хүлээнэ. Иргэн хууль зөрчвөл мөн хариуцлага хүлээнэ. Хуулийн өмнө хэн ч давуу эрхгүй.
Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалъя. Байгаль орчноо хамгаалъя. Хариуцлагагүй уул уурхайтай тэмцье. Харин хууль ёсны хайгуул, олборлолтоо бас хуулиар хамгаалъя.
Учир нь Монгол Улсад уул уурхай хэрэгтэй. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголд шинэ орд, шинэ үйлдвэр, шинэ ажлын байр хэрэгтэй. Уул уурхайг зогсоож улс хөгжихгүй.
Харин хууль, хариуцлага, технологи, хөрөнгө оруулалттай уул уурхайгаар Монгол Улс хөгжих боломжтой.
Доктор Н. Тэгшбаяр