Дөч эргэм насны өндөр туранхай хүн орж ирлээ. Харваас хээ шаагүй ажил хийдэг болов уу. Тэр нэлээд хулгасхийснээ:
-Сонинд сүнсний тухай бичсэнийг уншчихаад тантай уулзахаар ирлээ гэхэд нь урьж суулгалаа. Тэр тухлан сууснаа, би танд өөрийн зовлон ч гэдэг юм уу, жаргал ч гэдэг юм уу ямартаа ч үнэн зүйл ярих гэсэн юм гээд хацрынхаа хар мэнгээр оролдов. Нэрээ Лувсан (нэрийн нь хагасыг авав) гэсэн тэр хүн хуучин аж үйлдвэрийн комбинатын засварын газар ажиллаж байгаад даргыгаа даган нэгэн компани бараадаж байгаа, өнөө жил 41 настай, уул нутаг нь Өвөрхангай аймаг гэнэ. Түүний ярьсныг соронзон хальснаас буулгаж байна.
Би хорин долоотойдоо хот орж ирсэн юм. Уул нь Өвөрхангайн хүн л дээ. Нутагтаа муугүй амьдарч байсаан. Хар багадаа нийлсэн эхнэр маань долоон настай хүү, бид хоёрыг орхиод хүнтэй суугаад явчихлаа. Сумын төв дээр юу ч хийж сууж байх вэ дээ гэж бодсоноо гэнэт сэтгэл шулуудан Улаанбаатар явахаар боллоо. Гэрээ зарж хэдэн төгрөг болгочхоод замын машинд жаал жуул юмаа ачаад хүү бид хоёр хот орж ирэх нь тэр. Нутгийн таньдаг айлд буулаа. Бушуухан л ажил олж хийх юм сан. Орон гэртэй болох сон гэж бодож байлаа. Хүн амьтнаас хямд төсөр байр сууц асууж явсан чинь нэг дэл сул хашаа байшингийн сураг чих дэлслээ. Эрсээр сурагласаар яваад очлоо шүү. Бараан захын баруун дэнж дээр, бараг л Далан давхартай нийлчихсэн газар нэг хашаа байшин байна. Хавь ойрд хүн амьтан орж гарсан шинж алга. Хашааны нь үүдийг төмөр утсаар хэрээд орхичихсон байх юм. Дэргэдэх хашааных нь айлаас асуувал:
-Эзэнгүй хоёр гурван жил боллоо. Чи орон байргүй ядарч яваа юм бол орчихгүй юу. Хэрэв эзэн гарч ирээд иймээ тиймээ гэвэл хэд гурван төгрөг өгчихнө л биз. Хоёр хүүхэдтэй залуу хүүхэн, хархүү хоёр байж байгаад л гэв гэнэт ачаалаад яваад өгнө билээ. Түүнээс хойш хэн ч үзэгдээгүй. Тэд эргэж ирэхээ өнгөрсөн байх аа гэв. Юун аз дайрав гэж бодоод хашааны үүд хүлсэн төмөр утсыг тайлж орвол өвлийн хоёр өрөөтэй аятайхан байшин байна. Дэргэд нь зуны амбаар, түлээ түлшний пин, ер нь дутуу юм алга. Хэдэн бөөрөнхий мод, жаахан нүүрсний хог байна. Өвлийнх нь байшингийн дотор талыг будаж шохойдоод орчихлоо. Хүү бид хоёрт төмөр ор, аяганы өрнөөс өөр зүйл бараг үгүй. Сав суулга, аяга шаазан цуглуулж байгаад аргагүй л айл боллоо. Биднийг хэн ч хөөсөнгүй, хамар хашааныхантайгаа танилцаж орой өглөөд гангар гунгар гэнэ. Хүүгээ сургуульд оруулчихлаа. Өөрөө тэр үеийн аж үйлдвэрийн комбинат гэж байсан газар засварын ажил хийж хэдэн төгрөг олдог боллоо. Биднийг орсноос нэг сарын дараагаар л чөтгөртэй байшингийн тухай яриа чих дэлсэх болов. Би угаасаа хэр баргын юмнаас айдаггүй хээгүйдүү эр хүн. Хөдөө байхдаа адуу малд яваад аль хээр хонохыг тэр гэх вэ дээ. Зуны дэлгэр цагт бол тохмоо дэвсээд хэвтэхэд л нэг л мэдэх нь өглөө болж байдаг сан. Манай байшинг л (чөтгөртэй байшин) гэж хэлэлцээд байх юм. Ямар айл орж ирээ вэ? гэж зориуд ирж сонирхдог хүн ч байсан. Би өөрөө бол ер тоосонгүй, харин хүүдээ элдвийн юм сонсгочихгүй юм сан гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр хүү маань хичээлээсээ ирэхдээ:
-Аав аа, манай байшин чинь чөтгөртэй юм гэнэ шүү дээ. Тэгээд олон жил айл ороогүй юм гэж хуучиллаа.
-Хэн хэлэв гэсэн чинь,
-Манай ангийн хүүхэд гэлээ.
Ийнхүү чөтгөртэй байшингийн тухай яриа хааяагүй дэлгэрч, хүмүүс янз янзаар ярьдаг болсон юм. Айлын маань хүн сүүлд нь нэлээд тодорхой ярьж өгөв. Энэ хашаа байшинг анх залуу авгайтай настайвтар хятад хүн барьсан гэнэ. Тэднийх нэг охинтой гурвуулхнаа байжээ. Охин нь арван зургаа долоо хүрч байхад гэрийн эзэн хятад нас барж хэдэн сарын дараа эхнэр нь замын жолоочтой суугаад Дорнод аймаг руу бүрмөсөн явсан гэнэ. Явахдаа хашаа байшингаа хотын хоёр залууд худалдаад эргэж санах юмгүй болсон ажээ. Хүү охин хоёртой тэр залуучууд нүүж ирээд сайхан амьдарч байсан чинь сүүлдээ бишдэж гэнэ. Нөхөр нь жолооч учир хөдөө их явна. Ажилгүй авгай нь хоёр хүүхэдтэйгээ гэрт үлдэнэ. Нэг өглөө залуу хүүхэн багыгаа тэвэрчихсэн уйлчихсан хамар хашааныхаа айлд орж ирээд:
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.