1950-аад оны үе. Улаанбаатар Замын—Үдийн төмөр зам сураг ч үгүй байлаа. Дорноговь аймгийн арын хар тойром буюу нуурын ар дэнжээр олон сайхан адуутай Чимидравдан гэж сайхан дуулдаг, исгэрдэг, аймгийн наадамд хааяа нүцгэлчихдэг их л сайхан хүн байж билээ. Морины сайхныг унана. Хувцасны сайхныг өмсөнө. Тохсон эмээл нь гэхэд битүү мөнгө байдаг сан. Аймгаас нэг их холдоно гэж байхгүй, сайндаа л Үзүүр Сайн—Ус хүрч зунжаад намар оройхон төв рүү ойртож ирнэ. Чимидравдангийн исгэрэх нь үнэхээр гайхмаар. Морин төвөргөөн бүдэг бадагхан сонсогдоход л исгэрэлт нь чихэнд хаддаг байлаа. Хорвоо гэдэг эрээнтэй бараантай байдаг хойно ганц охин нь саа дайрч тархи толгойн өвчтэй боллоо. Багадаа ямар сайхан охин байсан гэж санана. Нэрийг нь Мичидмаа гэнэ. Сургуульд байхдаа түмний хараа булаасан сайхан охин, бас ааш ч гэж хайлсан тугалга шиг нэгэн байсан сан. 8-р ангид байхад нь саа дайрч аав ээж хоёр нь аймаг, хотын эмнэлэг, авралын бариач илээч яваагүй газаргүй, өгөөгүй бэлэггүй хэр нь өөдтэй засал авхуулж чадаагүй юм. Тэгж байтал Шийнэн доктор гэж ачтай буянтай хүн ирлээ гээд хотол хошуугаараа хөдөлж тэр хүний яваа газар гэр майхан эгнэж адуу мал багширсан байдаг байж билээ. Энэ хүн Монгол Улсын Эрүүлийг Хамгаалах яамны сайд байгаад чухам ямар хэргээр алба ажлаа өгснийг бүү мэд. Хөдөө орон нутагтаа очиж түмэн олноо эмчлэн тус хүргэж явсан билээ. Энэ үеэс Чимидравдан охиноо Шийнэн докторт үзүүлж эмчлүүлсэн боловч засал авсангүй. Хот хүрээ шиг тэр их нүүдлийн хэн бараг нь эдгэрч эрүүл саруул болсон боловч Чимидравдан хайрт охиноо эцсийн замд нь үдсэн сэн. Далайн хөтлийн хойд нарлаг энгэрт тавиад толгойны нь тэнд Мичидмаа гэсэн 2 метр хэртэй чулуун багана босгож билээ. Тэр үед таалал төгсөгчдийг ийм хүндэтгэлтэй оршуулж байгаагүй болохоор аймгийн төвийнхөн сониучирхан ойр хавь явбал баганыг очиж үздэг байж билээ. Мичидмаагийн суварга гэж нэрлэгдсэн тэр цагаан багана холоос торойж харагдана. Чимидравдан охиноо хаана эргэж төрөхийг нь үзэх гэж зүүн шуун дээр нь хүжээр дугуй мэнгэ төөнөжээ. Тэгээд ойр орчмынхноосоо хүүхэд гарах тоолон зүүн шууг нь ажиглаж байв. Тийм тэмдэгтэй хүүхэд хаа ч эргэж төрсөнгүй. Тэгж байтал аймгийн төвөөр нэг цуу яриа дэгдлээ. Аймгийн ар чөтгөртэй болж гэнэ. Орой үдшийн цагаар хүн амьтан явахын аргагүй гэнэ. Морь тушдаг, тэмээ сөглөж хэвтүүлдэг, гал гардаг, хашхирч юм хөөдөг гэнэ гэсэн цуу яриа чихнээс чихэнд дамжсаар төдхөн тархав.
Хар айраг сумын Бүсгүй Хайдав: Миний морийг яриангүй тушсан. Бүр явахаа болихоор нь буугаад харсан чинь морь маань ямар ч чөдөр тушаагүй байсан. Тэгсэн хэр нь урагшаа алхахгүй байсан. Мэддэг тарниа уншиж нэлээд байгаад мордсон чинь морь маань зүгээр явж билээ гэж ярив. Хар—Айраг сумын Шагдар гэж аймхай нөхөр ар тойрмын захаар явж байгаад морио тушуулчихсан. Үнэхээр чөтгөртэй болж гэж бас л цуу яриа дэгдээсэн юм. Талхгарав гэж хээгүй нөхөр Шагдарт: хоёулаа тэр морь тушдаг газраар чинь явж үзье. Чөтгөр намнах амархаан гэж ятгасаар Шагдарыг дагуулан шөнө дундын үед тэр шарил тавьдаг газраар очжээ. Зэрэгцээд дөрөө хавиран цогиулж байснаа Шагдар гэнэтхэн за тэр. Морь тушчихлаа гээд зогсчихсон гэнэ. Харсан чинь мориныхоо цулбуурыг татчихсан өрөөсөн дөрөө нь эрээн булчин хүртэл дээшээ шуугдчихсан байжээ. Шагдар дэргэдүүр нь гарангаа өвдгөөрөө дөрөөг нь доош нь буулгаадахсан чинь жолоогоо сул тавиад “за тэр одоо тавьчихлаа” гээд явсан гэдэг. Өөрөөр хэлбэл айсандаа өөрөө тушчихаад морио тушлаа хэмээн жолоогоо татан зогссон байжээ. Ийм хачин жигтэй цуу яриан дундуур "Чимэдравдангийн охин чөтгөр болжээ. Нүцгэн эмэгтэй хүн түүгээр явсан хүний нэрээр дуудан хөөдөг гэнэ. Эмэгтэй хүн дуу дуулдаг гэнэ” гэж ярьсан нь Мичидмаагийн сайхан дуулдагтай холбогдон нэлээн хүч аван тархлаа. Бас зарим нь эмэгтэй хүн тачигнатал инээж байдаг гэж ярив. Ийнхүү эх захгүй яриа дэлгэрэн аймгийн хойд тойром хавиар шөнө байтугай өдрөөр амьтан хүн явахгүй болж билээ. Энэ үеэс Чимэдравдан “Хэрвээ миний охин чөтгөр болсон бол заавал надад үзэгдэж мэдэгдэнэ” гээд нэг тэрэг түлээтэй охиныгоо оршуулсан газар очсон гэдэг.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.