Жагар Молом гэж Монголд ид шидтэй сайн зодч байсан юм. Жагар Молом нэг их эрт урьдын хүн биш, би 73-тай, миний өвөг Жагар Моломоос ном хүртэж байсан гэдэг юм. Тэр зодчи уг нь Их шавийн хар хүн, нутаг нь одоогийн Дундговь аймагт байсан гэдэг ҮI буюу ҮII богд Жавзундамбыг Төвдөөс залах гэж Монголын лам ноёд хэсэг хүмүүсийг аваад явахад Молом хөтөчөөр явсан юм. Тэр монгол төвд үсэг ч мэдэхгүй, зүгээр л нэг хар хүн байжээ.
Богдыг олж залаад буцах болоход Молом гэнэт тэнд үлдмээр санагдаад тэмээгий нь ачиж өгөөд оргосон юм байжээ. Молом гэзэгтэйгээ хар хүн хэвээрээ тэнэж нандин орон хийдээр олон жил мөргөл хийж явжээ. Мөргөл хийж явсаар Жагарт очиж гэнэ. Тэнд агуйд сууж нямба хийж байгаа нэг даяанчийнд очиж гэнэ. Хэл мэдэхгүй, ярьж чаддаггүй байжээ. Энэ даяанчид тус хүргэе гэж усыг нь зөөж түлээг бэлтгэж өгдөг болж, тэгээд агуйд нь хамт суудаг болжээ. Арван хэд хоносны дараа тэр лам, Молом гуайнд зодын лун өгсөн юм гэдэг. Зод бясалгах аргыг хэл мэдэхгүй учраас олс дээс уяж зааж өгчээ. Тэр ёсоор бясалгаж Молом шидийг олсон гэдэг. Тэгээд хоёул нисэж Үржин Хандын оронд очиж мөргөсөн гэдэг.
Жагар Молом Гандангийн баруун талд том хар гэрт суудаг байсан. Олон шавь нартай. Шавь нартаа дээс зангилж ном бясалгах аргыг зааж өгдөг. Өөрөө үзэг нийлүүлж ном уншиж чаддаггүй байсан юм. Өвөл зунгүй хөл нүцгэн явдаг, бүдүүн гэдэстэй, цагаан толгойтой, намхан биетэй лам байсан гэдэг. Дал орчим насалсан байх.