Элдэв сонин 18+

АЛМАСЫН УЧИР

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·07·29
‹ Буцах
Фонт 20px

Монгол Юань улсын Хубилай цэцэн хааны албанд байсан Венец газрын Марко Поло гэдэг хүн, Иран улсад сууж байсан монгол хаанд хатан хүргэж, далайн аян монгол онгоцоор хийж, тэндээс нутагтаа буцаад Монгол улсын соёл боловсролын тухай бичсэн номыг нь тэр үеийн европ нар үзээд, итгэхгүй гайхдаг байжээ. Тэр үеийн европт хүний зүүд зөнд ороогүй юм үзсэнээ өгүүлсэн тул, тийнхүү итгэхгүй байх нь аргагүй ажээ. Хожим хойно, Марко Полын далайн аян монгол онгоцоор хийж далайгаар энэтхэг орж болдог гэсний нь туршаад үзэх гээд, Колумб гэгч хүн Америк тивийг санамсаргүй олоод, Энэтхэг гэдэг нь тэр юм байх гэж бодож байсан тэр үед монголчууд энэтхэгийн өдий төдий зохиол монголоороо үздэг хэлэлцдэг байсан тэр цагт, говь газар, Алаша нутаг хавьд алмас гэдэг зэрлэг хүн байдаг гэж хэлэлцдэг байсныг дундад эртний европ нар монголчуудаас сонсож, тэмдэглэн үлдээснийг нь хорьдугаар зууны хоёрдугаар хагас хүртэл европт анзааралгүй өнгөрснөө одоо харин сонирхдог болж, Хималайн уул Дундад улсын Тэнгэр уул, Төвд, Синь зиан нутагт тэр алмас гэдэг зэрлэг хүн байдгийн мэдээ сураг үргэлжлэн гарсаар буйд, өрнө зүгийн эрдэмтэн сонирхоцгоон, олж үзэх юм сан гэж Хималай, Балба зэрэг нутгаар шинжээний анги явуулж нэлээд сонин мэдээ цуглуулжээ.

Европ нар, Хималайнхан тэр алмасыг цаст уулын хүн гэж нэрлэдгийг олж сонсоод, цаст уулын хүн гэж сүүлийн үес ихэд сонирхон бичдэг боллоо. Балбын нутагт ширваа нар тэр алмасыг “йети” гэж нэрлэдэг юм байна. Төвөдүүд хар хэлээрээ “миге” гэж, ЗХУ-ын Памирт алмасты, хиргисүүд “голуб еван” гэх зэргээр нэрлэдэг нь манай монголын эртнээс нааш “алмас” гэж нэрлэдэг зэрлэг хүн ажээ. Энэ алмасын тухай Дундад улс, Монгол улс, Балба улс, Афганистан улс, түүнтэй залгаа ЗХУ-ын нутагт хэлэлцдэг бөгөөд алмас үзсэн харсан тэр нутгийн хүн ч байдаг байна. Балбын улсын музейн захирал Чандра Мон Масесей, музейд нь алмасын нялх хүүхдийн хүүрийн зураг бий гэж өнгөрөгч оны зургаан сард Дундад улсын Шинжлэх ухааны Хүрээлэнгийн цөөн тооны үндэсний хэл судлах газрын профессор Зин Пен, тэр судлах газрын ажилтан Анжисан гэдэг хүн, 1947 онд Төвөдийн Жонисианд нэг алмас, айл гацаанд орж ирснийг нутгийн хүн бариад идэх юм өгөхгүй хэд хоноод турж үхсэнд арьсыг нь өвчөөд чойжин сахиусны сүмд өргөсөн, одоо ч бий байх гэж ярьсан зүйлийг Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн тэргүүлэгчдийн газар байгуулсан алмас судлах комисст захидлаар мэдэгджээ.
Хиргисийн Фрунзе мужид алмас үзсэн хүн бий гэж Хиргисийн алдартай туульч Саякбай Каралаевын мэдэгдсэн зүйлд хэдэн хиргис хүн, урд хятад нутгаар яваад Төвөдийн зах хүрч, нэг эхнэр хүнээ алдаад, үхсэн байх гэж бодтол, жил шахам болоод буцаж ирэхдээ эзгүй хээр алмаст баригдаад нэг алмасын эхнэр болсон гэж, хамаг хувцас хунар нь ноорон урагдаж ирсэн гэдэг. Тэр газар нь албаны хүн очиж үзэхэд бүх бие нь үстэй эр, эм алмас байсан гэж 1958 оны арван сарын 26-нд мэдэгдсэн зэрэг олон сонин мэдээ Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн тэргүүлэгчдийн газрын алмас судлах комисс алмасын тухай хоёрдугаар мэдээндээ саяхан нийтэлжээ. Манай улсын баруун өмнө хязгаарт одоо ч алмасын тухай их ярьдаг. Мөн алмас үзсэн нэлээд хэдэн хүнтэй би уулзаж, яриаг нь тэмдэглэж авсан зүйл бий. Хэрэв амьд алмас барьж авах буюу ядахдаа үхсэн алмасын яс хүүр олох юм бол, дэлхийд сонин гайхамшигт нээлт болохоор барахгүй алмасын тухай нутаг нутгийн ардын ярьдаг үг, алмасыг үзсэн харсан хүний яриаг ч тэмдэглэн авбал, одоогийн бодит хүн төрөлхтнөөс хөгжлөөр хэдэн түмэн жилийн тэртээ хоцорсон нэн эрт балар цагийн хүний үлдэгдэл нь манай энэ үе хүртэл цөөхөн хэдээр боловч уламжилж ирсний гайхалтай сонин зүйл болох болно. Дундад улс Хималай, Балба нутагт байдаг алмасын тухай шинжилгээний нарийн мэдээ хоёр нэг жилийн дотор лавтай тодорхой болох байх. Түүний янар манай улсын говь чигт алмасын тухай юу ч ярьдаг нь хамаагүй, нэгд нэгэнгүй тэмдэглэн, Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнгийн хэл зохиол судлах газар ирүүлбэл, алмасын асуудал сэдвийг шинжлэн буй эрдэмтний судалгаанд маш чухал болох тул, алмасын тухай ярьдаг зүйлийг шашны холбогдолтой дэмий юм, үзэл сурталгүй юм гэж учир мэдэлгүй цэцэрхэгчдийн ам дагалгүй юу л гэж хэлэлцдэгийг нь аль үеийн хэдийний болохыг тодруулан бичиж ирүүлбэл алмасын тухай дээр дурдсан улс нутгаар хэлэлцдэг үг яриатай нийлүүлэн шинжлэхэд чухам юу нь шүтлэгтэй холбогдож, юу нь ортой үндэстэй болох нь эрдэмтний шинжилгээгээр аяндаа тодроод гучаад жилийн өмнө миний хурааж байсан мэдээгээр тэр дор нь хөөцөлдвөл, үхсэн амьд алмас ч манай нутагт олдохоор байжээ.
Гагц, учир мэдэхгүй хүмүүсээс болж тэр бололцоо алдагдсан нь түмэн харамсалтай болжээ. Хэрэв, алмас үзсэн хүн байвал ямар аймаг, сум, багийн хүн хэн гэгч, хаа үзсэн, мөн алмас ойрын хэдэн жилд үзэгдсэн буюу хүүр яс нь олдох сураг байвал, эрэн сураглаж олбол, нэн ч чухал болно. Ганц эрүү ясаар нь ч гэсэн алмасын үс, арьсны өөдсөөр нь ч гэсэн шинжээч эрдэмтэн, алмасын байдлыг танин мэдэж болох юм. Иймд энэ тухай мэдээ, алмас урьд байгаа гэж ярьдаг газрын ардуудын яриа жолоо урт, аян жинд их явж их юм үзсэн дуулсан хашир хүмүүсийн энэ тухай хэлэлцдэгийг манай шинжлэх ухааны Хүрээлэнгийн хэл зохиол судлах газар тэмдэглэн ирүүлж, Зөвлөлтийн шинжлэх Ухааны Хүрээлэнгийн зэрэг шинжлэх ухааны газраас алмасын асуудлыг шинжилж байгаа эрдэмтний чухал судалгаанд туслалцах ажаамуу.
Б.Ринчен
“Соёл утга зохиол” 1959. 4. 16. № 16
Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ