Элдэв сонин 18+

АЧААТАЙ ҮХЭР

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Чөтгөрийг үзье гэж шохоорхох хэрэггүй гэж би боддог. Учир нь чөтгөр ер нь хийморь нь доройтсон согогтой хүнд л харагдахаас биш, хийморьтой сайн яваа хүнд харагддаггүй бололтой юм билээ.

Би 1930-аад оны үед нэг зун манай хушууны (хуучин Мишиг гүний) хүрээн дээр лам нараар хэсэж шимийн архи уугаад жаахан халамцуу гэртээ харих гэж мордох гэж байлаа. Манайх бараг л өртөө шахуу газар байгаа юм. Тэгсээр байтал харанхуй болчихлоо. Мордох гэж байтал Түмтийн Улаан гэдэг миний үеийн залуухан банди, гэр нь манайтай ойрхон юм. “Чи мордох гэж байгаа юм уу?” гэж асуулаа. “Тийм” гэлээ. Тэр бас гэртээ харих гэж мордох гэж байгаа юм гэнэ. Хоёул хамт мордоод явлаа. Хоёул замдаа элдэв юм ярилцсаар явлаа. Залуу байсан болохоор голдуу л хүүхэн ярилаа. Хүн оршуулдаг сэжигтэй газар хүрч очлоо. Сайхан ногоотой тал газар юм. Шөнө харанхуй байсан, гэвч нүх шиг харанхуй арай биш, нүд сайн болохлоор хавь ойрын юм харагдахаар байлаа. Улаан маань над гэнэт хэллээ. “Хөөш тэр юу вэ?” гээд гараар зааж байна. Гэтэл над юу ч харагдахгүй юм. “Тэр, тэр чи харж байна уу?” гээд гараар зааж байна. Түүний гарын байдлыг харахад тэр юм нь хойноосоо урагшаа явж байгаа бололтой. “За тэр гүвээний цаад руу орчихлоо” гэж байна. Тэр гүвээн дээр нь бид хоёр гараад очлоо. Цаана нь юу ч байхгүй, юу ч харагдахгүй юм. Тэгээд хоёулаа цааш явлаа. Би асуулаа: “Ямар юм харагдаа вэ чамд” гэлээ. Өнөөх чинь хэлж байна: “Нэг ачаатай үхэр л харагдсан даа” гэх юм. Түүнд харагддаг, над харагддаггүй тийм нэг юм бидэнд дайралдсан даа. Тэр худал хэлэхгүй томоотой сайн залуу байсан. Энэ бол зун болсон хэрэг. Намар нь Улаан өвдөөд үхсэн. Би тэгээд боддог юм. Хүнд муу ёр орохлоор элдвийн муу юм харагддаг байх. Муу ёр нь ороогүй, хийморьтой яваа хүнд элдвийн муусайн юм харагддаггүй, дайралддаггүй байх.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ