Ертөнцөд амьтай болгон сүнстэй төдийгүй эзэнтэй байдаг агаад тэдгээр эздийг савдаг, навдаг, живдаг гэж нэрлэдэг байна. Тийм учраас уул овоо, гол ус бүхэнд савдаг байх агаад өргөл идээ өргөж, тахиж ёслохгүй бөгөөс хүмүүст осол цалгар учруулдаг юмсанж. Энэхүү эзэн савдагуудын талаар Пунцагнамдаглин дацангийн гэсгүй Д.Осоржамаа гэвштэй хөөрөлдсөнөө толилуулсуу.
-Хүмүүс нанчид хүртэхдээ Сонгинохайрхан уулын зүгт сархадын дээжээ сэржимддэг нь энэ уулын эзэн савдагт өргөл өгч буй нь тэр үү?
- Нанчид гэдэг маань өөрөө догшин идээ. Сонгинохайрхан уулыг бас догшин ширүүн савдагтай гэдэг юм. Энэ уулын эзэн нь араа шүд нь зөрж, хөх бух унасан, баруун гартаа улаан моголцог барьсан сархдад баахан дуртай, их догшин баатрын дүртэй савдаг байдаг юм гэнэ лээ. Тийм учраас нанчид хүртсэн хүмүүс заавал сархадын дээжээ өргөдөг ёстой юм билээ.
-Тэгвэл Чингэлтэй хайрханы эзэн савдаг ямар байдаг вэ?
-Чингэлтэй уулын савдаг нь олон шавь нараа өмнөө тойруулж суулгаад өвөр дээрээ судар дэлгэсэн номч мэргэн номын дүртэй эзэн байдаг. Хуучин цагт лам хувраг, бичгийн мэргэд Чингэлтэй хайрханы суга бэлээр даяанчлан сууж, ном уншиж бясалгаад номын их авшиг хишиг хүртдэг байж.Чой.Лувсанжав профессор Чингэлтэйн бэлд зориуд хашаа хатгаж суурьшин амьдарсан нь ч үүнтэй холбоотой байх.
-Баянзүрх уулын савдаг ямар байдаг вэ?
-Баянзүрх хайрханы эзэн савдаг нь идээ будаагаа дэлгэж, хүн амьтныг дайлсан өгөөмөр баян савдаг байна. «Баяжья гэвэл Баянзүрх уулыг тахь» гэж Их Хүрээний худалдаачин наймаачид жил бүр шүтэн тахиж, өргөл барьц бариад их баяждаг байсан юм гэнэ лээ. Хүнд эрдэм ном, хөдөлмөр зүтгэл их байж амьдрал нь өөдөлдөг боловч уул усны савдгаа шүтэн тахивал бүр ч өөдлөн дэгждэг. Тэгэхээр Баянзүрх уулыг шүтэж тахиж явбал тэр хүн баян хангалуун л амьдрах байх.
-За, тэгвэл Богд хан уулын савдаг ямар байдаг юм бэ?
-Хэрэйдийн Ван хан энэ уулыг Хан-Уул гэж нэрлэсэн юм гэнэ лээ. Энэ уул тэгээд төрийн хар хүнийг өөд өргөж, ивгээн энэрдэг эзэн савдгийн биеийг олсон гэдэг юм. Хэрэв төрд зүтгэх хүн Богд хан уулыг шүтэж тахих юм бол төрийн их түшмэд ноёд болдог юм гэсэн.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.