Намрын нэгэн бороотой өдөр Гүнчинсүрэн цайны цагаараа аяга хоол олж идэх санаатай Багшийн дээдийн өмнүүр тамхи баагиулан алхаж явлаа. Өнөөдөр цалингаа авна. Эхнэр хүүдээ ихэнх хувийг нь өгөөд үлдсэнээр нь гар утасаа шинэчилж авна даа гэсэн шүү юм бодон автобусны буудал руу дөхөж явтал “Хүүе Гүнчээ” гэх эмэгтэй хүний уянгалаг хоолой чанх ард нь гарч түүнийг нэр цохон дуудсан байна. Эргэн харвал нэг л таньдаг царай. Гүнчинсүрэн түүн рүү ойртон очвол оюутан байхдаа нэг ангид хамт сурч байсан Нямханд байлаа. Тэд сүйд болон уулзацгааж, сайн муугаа мэдэлцэн нэлээд удаан зогсоцгоов. Аль оюутан цагийн хөөрхөн Нямханд улам ч хөөрхөн болсон шиг Гүнчээд санагдаж байв. Гүнчээ оюутан байхдаа Нямхандад сэтгэл алдарч байсан боловч түүний өнгө үзэсгэлэнгээс айгаад ерөөсөө ам нээж сэтгэлээ илчлээгүй билээ.
Нямханд ч тухайн үед түүнийг тоохооргүй омголон ихэмсэг охин байсан юм. Гүнчинсүрэн нэгэн компанид менежер хийж байгаагаа хэлэн эхнэр хүүгийнхээ тухай ярьж зургийг нь үзүүлж, түүнээс хаана юу хийж яажшуухан амьдарч байгааг нь асуувал Нямханд нислэгийн компанид онгоцны үйлчлэгч болсон гэж хэлээд аргагүй л онгоцны үйлчлэгч хүн гэсэндээ хачин ялдам инээмсэглэжээ. Онгоцны үйлчлэгч гэдэг үг “Тэнгэрийн бүсгүй” гэсэнтэй адил ихэмсэг, эрхэмсэг сонсогдсон тул Гүнчинсүрэн яг л оюутан ахуй үеийнх шигээ Нямхандаас жаахан эмээж бас бахдах сэтгэлд автаад нэг л хачин болчихож.
Гэхдээ л цалингаа авах гэж байгааг ч хэлэх үү сайхан хүүхэнтэй учирмаар санагдаад зориг гарган бүсгүйд “Өнөө орой завтай юу? Хоёулаа уулзаж нэгэн газар үдшийг өнгөрүүлбэл ямар вэ” гэдэг санал тавьтал Нямханд түүн рүү тааламжтай харцаар харан инээмсэглэж саналыг нь хүлээн авчээ. Тэд нэлээд удаан ярилцаад уулзах цаг нараа товлоод гар барин салах үед Гүнчээгийн дотор нар мандах шиг болж, жигтэйхэн хөөрч догдолсон амьтан ажил дээрээ дэгдэн иржээ. Орой тийш бороо ч зогсч Гүнчээгийн ч ажил тарж цалингаа өвөртөлсөн хүн гэртээ яаруу сандруу харайн орж аль өнгөтэй өөдтэй костюмаа өмсөн болзсон цагаасаа өмнө уулзах газраа яаран очсон аж. Харин Нямханд ирээгүй л байв. Ирээгүй байх нь ч зөв байлаа.
Гүнчинсүрэн хэт яарч догдолсондоо бараг гучин минутын өмнө ирсэн байж. Тэрбээр бүсгүйг хүлээж ядаад бас өнөөдөр хатуу юм уухаа мэдээд нэгэн хямд цайны газар орж ходоодоо хоолоор дүүргэж аваад гараад иртэл Нямханд хэдийнэ ирчихсэн түүнийг хүлээн зогсч байлаа. Хоёул дахиад л инээд алдацгаан уулзаж сугадалцах нь холгүй алхсаар аятайхан цэнгээний газар хайн баахан явжээ. Элдэв шалдав зүйл ярин ангийнхаа найз нарыг сураглах зуур Гүнчээ хямдавтар ч аятайхан газар орчих юмсан гэж залбирах нь халаг явсан бөгөөд ашгүй нэг гайгүй үнэтэй, давгүй тохижилттой газар олсон хойноо бүсгүйг дагуулан орж булангийн ширээнд тухалсан байна.
300 гаруй мянган төгрөг халаасанд нь байсныг хэлэх үү Гүнчээд энэ газар жаргалын орон мэт санагдаж элдэв хачиртай хоол унд архи пиво захиалаад бүсгүйн өөдөөс харан талимаарчээ. Архи пивоны халуун ааг тэр хоёрыг ядах юмгүй цаламдаж авсан хойно хэн хэн нь манарч яриа нь олширч ангийн найз нөхөд, сургууль энэ тэрийнхээ асуудлаас халин амьдрал хайр сэтгэл рүү хэвийх үед шөнийн харанхуй их хотыг нэгэнт нөмөрч эхэлсэн байв. Нямханд сархадыг татчихвал татчихдаг, яривал ч ярьчихдаг ер нь л нэлээд юм үзсэн хүний шинжтэй болох нь энэ үеэс анзаарагдаж эхэлжээ. Тэр өөрийн амьдралын нарийн ширийнээ Гүнчинсүрэнгээс нуусангүй. Нэг залуутай учирч, түүнээсээ хүүхэдтэй болоод тэр хүүхдээ гаргасан ч юмгүй нэг хэсэг амьдралд хөл алдаж яваад нисэхэд ажилладаг авга ахынхаа буянаар дотоодын нислэгийн онгоцны үйлчлэгч болоод гурван жил болж байгаа, ээж нь хоёр жилийн өмнө өнгөрч одоо аавтайгаа үлдсэн боловч хамт амьдардаггүй, тусдаа байр хөлслөн яваа энэ тэр гээд хамаг амьдралаа дэлгэсэн байна.
Энэ мэтээр халуун яриа өрнүүлсэн хоёр бараг гурван цаг болоход Нямханд согтож “Би оюутан байхдаа чамайг их хардаг байсан шүү Гүнчээ. Даанч чи бид хоёр учирч чадаагүй юм. Чи ч гэсэн надад сайн юм шиг байсан хэрнээ тэнэг юм шиг надад юу ч хэлдэггүй байсан” гэж хэлээд нулимс дүүрэн хөлчүү нүдээр Гүнчинсүрэн рүү харахад Гүнчээ сортосхийн түүний нүд рүү тас ширтээд гарыг нь атгаад авчээ. Жаахан архи уучихаараа хүүхнүүдээс буцдаггүй тэгээд ч оюутан цагийн нь дурлалт бүсгүй ингэж хэлсэн болохоор тэр энэ алтан боломжийг алдахыг хүссэнгүй. Чухам энэ үгэн дээр нь дөрөөлөөд авъя гэсэн аятай “Би чамайг бодож мөрөөдөж явдаг байсан нь үнэн шүү. Даанч чамаас эмээгээд юу ч хэлж чаддаггүй байлаа. Гэхдээ одоо оройтох юу байх вэ дээ. Авгай хүүхэдтэй болж амьдрал зохиосон ч зай завсар байлгүй яахав” мэтээр ярин Нямхандын гарыг илбэж улмаар хажуу дахь хүмүүсээсээ ч ичиж зоволгүй уруул дээр нь удаан гэгч үнсчээ. Нямханд ч хариу үнсэлцэн наалинхайтаж, гар хуруу нь Гүнчээгийн энгэр цээжийг илэх үед тэр хүүхнийг эдлэх хүсэлдээ автан бушуухан тооцоогоо дуусгаад баарнаас гарсан байна. Гарсан даруй зочид буудал руу явах тухайгаа хэлтэл Нямханд энэ саналыг хүлээж авсангүй. Гуйвж дайвж зам руу очоод явахдаа “Би чамайг гэртээ аваачина” гэж хэлсэн юмсанж.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.