Орос орон бол цуврал алуурчдаар баян.
Санаандгүй Чикатилло гэх Оросуудын өөрсдийнх нь хийсэн цуврал уран сайхны киног үзэж байгаад Михиал Попков гэх цуврал алуурчны талаар мэдэж авлаа.
Михиал Попков. 1963 онд төрсөн. Бага нас нь хэвийн өнгөрсөн буюу багадаа ямар нэгэн сэтгэлийн шарх авч байгаагүй. Жирийн дундаж ажилчин ангийн айлд өссөн, аав ээж нь түүнтэй хэвийн харилцаатай байсан. Дунд зэргийн сурлагатай, цана биатлоноор хичээллэдэг жирийн нэгэн хүү. Хамт ажилладаг хүмүүс түүнийг "мишээсэн Мишка" гэж хочилдог бөгөөд дандаа нүүрэндээ инээмсэглэл цацруулдаг, хүн бүртэй эвтэй харьцдаг, хүнд харамгүй тусалдаг, халамжит хань, охиныхоо сайн аав, хөршүүддээ үлгэр жишээ эр байжээ.
Гэтэл Попков шөнө нь аймшигт цуст алуурчин болж хувирах бөгөөд одоогийн байдлаар түүнийг нийт 83 эмэгтэйг алсан хэргийг нотлон тогтоогоод байна. Тэрээр 1992 оноос 2012 оныг хүртэл нийтдээ 83 эмэгтэйг алсан бөгөөд хохирогчдоо хутга, автирк, сүх гээд гар доорх янз бүрийн эд зүйлээр олон дахин цохиж, хутгалж алдаг бөгөөд хохирогчдийг хүчиндэж, цогцсыг зэрэмдэглэдэг байв.
Цуврал алуурчин Чикатилло багадаа амссан сэтгэл зүйн шарх, өсвөр насны дээрэлхэлтээс үүдэлтэйгээр бэлгийн сулралтай болж алуурчин болсон бол Попковын намтар огт өөр эсрэгээрээ. Судлаачдын үзэж байгаагаар Попковт угаасаа биологийн хувьд бусдыг өрөвдөх нинжин сэтгэл байгаагүй, хэрцгий нэгэн байжээ. Олон хүн дотор анхнаасаа бусдыг өрөвдөх сэтгэлгүй нэгэн төрдөг байх нь. Чикатиллог нийгэм өөрөө бүтээсэн бол, Попковыг байгаль эх өөрөө бүтээсэн гэх юм уу даа. Попков гаднаа үлгэр жишээ маш сайн хүн мэт харагдаж өөрийн доторх хэрцгий, бусдыг үл өрөвдөх аймшигт араншингаа чадварлаг нууж чаддаг нэгэн юм. Эхнэр охин хоёр нь эхэндээ Попковыг алуурчин гэдэгт огт итгээгүй бөгөөд телевизийн нэвтрүүлэгт оролцож мөрдөгч нарт итгэхгүй байгаагаа итгэл төгс ярьцгааж байсан гэдэг.
1992 онд Попков ажлаас тараад гэртээ ирээд гэрийнхээ хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч олсон бөгөөд энэ талаар эхнэрээсээ асуухад эхнэр нь мэлзэж байгаад эцэстээ түүнийг араар тавьснаа хүлээжээ. Попков эхнэрээ зодоогүй, салья гээгүй харин эхнэртээ уучилж байгаагаа хэлсэн байна. Гэвч тэр дотроо бол хэзээ ч эхнэрээ уучлаагүй бөгөөд тэр их уур хилэн үзэн ядалтаа гаргахын тулд өөр бусад эмэгтэйчүүдийг алж тайвширал авдаг байсан.
Попков ихэвчлэн шөнө оройн цагаар ажлаа тарж яваа, эсвэл цэнгээний газраас харьж яваа эмэгтэйчүүдийг хүргээд өгье хэмээн хуурч машиндаа суулгаад алдаг байсан. Цагдаа нар Ангарскийн цуврал алуурчныг барьж чадалгүй олон жил болж мухардалд ороод байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ДНХ шинжилгээ хөгжснөөр сая нэг юм уг шинжилгээний тусламжтайгаар хохирогчдоос олдсон ДНХ ул мөрөөр Попковыг барьсан гэдэг.
Попков баригдалгүй яагаад ийм олон жил нуугдаж чадсан бэ. Би та нарт түүний ажлын талаар хэлэхээ мартжээ, тэр бол Ангарск хотын шуурхай албаны цагдаагийн ажилтан байсан юм, зарим тохиолдолд тэр өөрийнхөө аллагын хэргийн газарт дуудлагаар очдог байсан. Тэр мөрдлөгийн арга тактикийг сайтар мэддэг тул хэргийн газрын ул мөрөө маш сайн балладаг байсан. Цагдаагийн дүрэмт хувцас, цагдаагийн албаны машин, охид эмэгтэйчүүд яагаад айх ёстой гэж хүргээд өгье гэхэд суучихдаг байж.
Попков одоо бүх насаараа хорих ял шийтгүүлж, шоронд байгаа бөгөөд тэрээр шоронгоос шинэ аллагын хэргүүдээ нэмж хүлээсээр байгаа гэдэг. Ийм л аймар алуурчин манай хилийн цаана хэдхэн зуун километр зайтай хотод цуврал аллага хийдэг байжээ.
✦