1969 онд Дорнод аймгийн төвд сууж байлаа. Тэнд цагдан сэргийлэхийн цагдаа Хоргоо /чухамдаа Хургаа/ гэдэг хүн байлаа. Шажин шүтлэг огт байхгүй айхавтар хувьсгалч хүн юм. Жамсран хувилгаан гэдэг архи их уудаг жаахан дүвчин янзтай өвчтэй зовлонтой хүнийг аргалж өгдөг тийм хүн байдаг юм. Түүнийг өнөөх Хоргоо их хавчиж хяхдаг “Барина, хорино” гэж загнадаг байжээ.
Тэгээд байж байтал Хоргоогийн нэг жаахан хүүхэд өвдөөд үхчихжээ. Хоргоо түүнийгээ морин тэргэн дээр тавиад хөдөөлүүлэх гэж явж гэнэ. Тэгтэл өнөөх Жамсран морьтой давхиад ирж гэнэ. “Хөөе, та нар зогс” гээд хашгирч гэнэ. Хоргоо “Энэ согтуу золиг юу гэж тэнэж яваа юм?” гэж бодоод зогсохгүй яваад л байж. “Хөөе, зогс гэм, зогс” гэж дахиад бархирч. Тэд нар зогсож гэнэ. Жамсран хэлжээ: “Та нар амьд хүн оршуулах гэж явна шүү дээ. Аль вэ! Авсыг нь онгойлго” гэж. Тэгээд авсыг онгойлгоод хүүхдийг шүүрч аваад дөрвөн мөчөөс нь өрөөлдүүлэн хоёр удаа сунгаж татаад авсанд нь хийчихжээ. “За та нар үүнийгээ аваад харь. Хучаад орон дээр нь унтуулчих!” гэж гэнэ. Хорго хүүгээ харсан чинь нээрээ амьд ч юм шиг байжээ. Аваад харьж, орон дээр хучаад хэвтүүлчихжээ. Тэгээд хүү нь зүгээр сайхан хүү гүйж явна билээ. Түүнээс хойш Хоргоо Жамсранг хичнээн согтуу явлаа ч гэсэн “Барина, хорино” гэж загнахаа больсон доо.