Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн эмнэлэгт уурын зуухны галч ажилтай сахалт Батмөнх гэж 50 эргэм насны эр бий. Түүний зүүн далны орчим сумны сорви мэт мэнгэтэй. Тэр ташаа, зүүн эгэм дээр нь сум хавж гарахдаа зад татсан юм шиг том сорви (мэнгэ) бий. Яах аргагүй араас нь буудсан сум ингэж л хавж гарна даа гэж бодогдмоор. Энэ хүнийг 1937 оны өвөл Дотоод яамныханд баригдаад 44-хөн насандаа буудуулсан Төвөдийн бүрэн эрхт төлөөлөгч (элчин) Пунцагийн Жамбаагийн сүнс хэмээн тавь гаруй жил бодож итгэж яваа нэгэн эмэгтэй өнөөдөр амьд сэрүүн байна. Энэ бол тэр төвөд хүний эхнэр, нөхрөө буудуулахад хорин наймхан настайдаа нялх үрээ тэврээд хоцорч байсан өнөөдөр 84 настай, хөл муу суугаа, өрөөсөн нүд сохор энэ тухай яриад өөрийн эрхгүй уйлж сууна.
1930-аад оны үед монгол төвөдийн хооронд элчин төлөөлөгч солилцох болсон үед төвөдөөс манай улсад суух Далай ламын төлөөний хүнээр (элчин) Пунцагийн Жамбаа гэж өндөр сайхан залуу хүрч иржээ. Гадаад яам хавьцаа ажилтай, Далай ламын сан хэмээх их хөрөнгөний эзэн энэ залуугийн нүдэнд хотод төрж өсөн төвөд айлд үрчлэгдсэн царайлаг охин Намсрайжав өртөхгүй байхын арга байсангүй. Анхны учралаараа хоёул өнчин өрөөсөн өссөн амьдралын эрээн барааныг дурсацгаан уярал хайрын учгийг хөндөцгөөсөн аж. Холын хоёр хүн уулзах болгондоо дассаар нэг мэдэх нь салж хагацашгүй сэтгэлийн алтан гинжээр холбогдсон байна. Хүүтэй боллоо.
Төвөдийн төлөөлөгчийн газар гэгч нь V Далай лам хүрээнд залрахдаа байгуулсан гэх Далай ламын сан хэмээх тэр үеийн хүрээнийхэн нэрлэдэг байсан томоохон хашаа, 9 байшин, 2 гэрт байдаг байлаа. Энэ хашаа байшин одоогийн их дэлгүүрийн ард байсан бөгөөд сүүлд нь дотоодыг хамгаалахын албан контор байгаад дэлгүүр барихад буулгагдсан ажээ. Пунцагийн Жамбаагийн эрхэлдэг ажил нь төвөд монголын харилцааг ерөнхийд нь хамаардаг төвөдөөс ирж буцдаг элдэв хүмүүсийн бүртгэл бичиг баримтыг шалгаж зөвшөөрөл олгох гэхчлэн олон төрлийн ажил байв. Энэ ажил үүргээ гүйцэтгэхдээ Х. Чойбалсан мэтийн нам, төрийн удирдах хүмүүстэй байнгын холбоо хэлхээтэй ажилладаг байжээ. 1937 оны өргөн баривчилгаа эхэлж лам нарыг, тэр дундаа том толгой лам нарыг гадаадын тагнуул хэмээн хилс хэрэгт холбогдуулан баривчлан устгах болсон нь Жамбаагийн сэтгэлийг зовоож байлаа.
Далай лам, түүний төлөөний хүнтэй холбоотой байсан томоохон лам нар Төвөдийн төлөөлөгчийн газраас аврал энэрэл хүсэх явдал нэг биш удаа гарч байв. Жишээ нь Ёнзон хамба Ц. Лувсанхаймчигийн хүү Цэрэн ирж Жамбаагаас Ахыг минь аврах талаар Төвөдөд мэдэгдэж өршөөгөөч гэж гуйхад тэрээр: Тэнгэр нь газраа дарсан лугаа адил боллоо. Би дийлэхгүй байх аа хэмээсэн гэдэг. Хүнийг аврах бүү хэл, өөрөө ч хүнд байдалд орж байснаа тэр хараахан мэдээгүй байжээ.
1937 оны өвлийн эхэн сарын тэр нэгэн хүйтэн жихүүн шөнө Төвөдийн төлөөлөгчийн газрын үүдийг хэн нэгэн хүн хүчтэй балбаж бараг тайлж амжаагүй байхад дотоодыг хамгаалахын 6-н хүн дайрч орж ирсэн байна. Ингээд Чойбалсангийн гарын үсэгтэй бичиг үзүүлж бүх зүйлийг битүүмжлэн Жамбааг барьж явлаа. Гэр байшингуудыг бүгдийг битүүмжилж, нялх хүүхэдтэй Намсрайжав, тогооч төвөд хоёрыг илүү гэрт орууллаа. Дараагийн шөнөөс эхлэн дотоодын хамгаалахынхан Далай ламын сангийн хөрөнгийг машин машинаар зөөж алт, эрдэнэс зэрэг үнэт зүйлийг их хэмжээгээр хамж авлаа. Мөн Ганжуур Данжуур мэтийн асар их ном соёлын дурсгалт зүйл байсныг авч явжээ.
Удалгүй сарын дараа тогооч Галсанравжаа, малчин Зундуй чоймбол хоёрыг барьж, хөдөө байсан 55 тэмээ, хэдэн азарга адуу бусад мал хөрөнгийг бас хураав. Эхнэр Намсрайжав нь илүү гэрээсээ ч хөөгдөж өвлийн дүн хүйтнээр нялх хүүхэдтэй өмссөн хувцастайгаа хүрээний гудамжинд гарсан байна.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.