Элдэв сонин 18+

НӨХӨР МААНЬ САЛАХДАА БАГАА ХУУЛЖ ҮНЭН ТӨРХӨӨ ХАРУУЛСАН

Л Лемурийн нүд · 9 мин уншлага · 2026·08·02
‹ Буцах
Фонт 20px

Нөхөртэйгээ ханилаад хэдийнэ арван гурван жил болжээ. Бид гурван хүүхэдтэй. Бидний хамтын амьдралын эхний хэдэн жил ёстой л аз жаргалаар халгиж цалгиж өнгөрсөн дөө. Найз нөхөд маань биднийг хамгийн үлгэр жишээ, сайн гэр бүл хэмээн өргөмжилнө. Хангалттай их магтаал, хайр хэмээн андуурсан худлаа халамж анхаарал, урам зориг хоосон үгсээр дүүрэн амьдрал дунд би сохорсон байснаа удахгүй ухаарсан юм.

Сүүлийн үед нөхөртэйгээ таарч тохирохоо байгаад сав л хийвэл хэрэлдэх болсноо гэнэт анзаарч, тооцож үзвэл хэдийнэ хоёр жил болжээ. Эхэндээ би өөртөө дүгнэлт хийж, тулга тойрсон яван хэрүүл уруул яагаад бид хоёрыг ээрэх болсон талаар бодож үзсэн юм. Би нөхөртөө гомддог. Ажилдаа хэтэрхий их анхаарч, намайг анзаарсангүй, халамжилсангүй гэх зэргээр. Саяхандаа, нөхрийн маань алдаа хүртэл гэнэн цагаан, хүүхэд шиг цайлган санагдаж, тэр дор нь л уучилдаг байсан бол одоо тэвчишгүй, хэзээ ч уучлашгүй нүсэр том овоо мэт өмнө минь хөндөлсөн дүнхийх аж. Тэр тоолонд маргалдаж, сайн муугаа дуудалцаж, хамаг л хорон үгс, хурц хараалаа нэг нэгэнрүүгээ шидлэх болсон. Магадгүй бидний харилцаа муудах болсон нь тэвчин өнгөрөх зүйл дээр тэвчээр зааж чадаагүй надаас боллоо гэж бодож, шар нар бор өдрүүдийг өнгөрөөвч, нэгэнтээ хөрсөн сэтгэл, буцаад бүлээцэх боломж үгүй хэмээн бодож явлаа.

Эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаас залхсан бид нэг л өдөр нэгэнтэйгээ үг солихоос төвөгшөөх болж, бүтэн гурван сар бараг л ярилцсангүй. Сүүлдээ хүүхдүүд маань ч бидний байдлыг анзаарах болж, ээж аавынхаа хэнд нь ч эрхэлж чадалгүй дунд нь самгардан тээнэгэлзэж, балчирхан сэтгэлдээ хичнээн хүнд бул хар чулуу тээж яваа бол доо хэмээн бодоход элэг минь эмтрэх шиг болно. Ингээд би зоригтой шийдвэр гаргах цаг болсныг ухаарч хүүхдүүдээ аваад гэрээсээ явлаа. Ажилтайгаа ойрхон нэгэ байр түрээслэв. Үйл явдал ийн өрнөж байх зуур нөхөр маань бидэн дээр хүрч ирээд уучлалт гуйвал өмнөх алдаа бүхнээ баллуурдаад хамт амьдрах юм шүү хэмээн битүүхэн горьдож, түүнээс ирж болох дуудлагыг сонсолгүй өнгөрөөчих вий хэмээн утасныхаа дууг тултал нь чангалдаг байлаа.

Тиймээ, утасныхаа дууг тултал нь чангалсны хэрэг гарч нөхөр маань залгасан ч хүүхдүүдтэйгээ мэнд мэдчихээд л салгачихна. Тэр хооронд би намайг асуух болов уу? Надтай яръя гэх байх даа хэмээн битүүхэн горьдоно. Сүүлдээ гол зурсан гомдол тээж, хааяахан ирэх дуудлагыг нь өөрөө авалгүй шууд хүүхдүүддээ өгөх болсон юм. Ийн өрнөсөөр бүтэн дөрвөн сар болоход нөхөр маань надтай ярилгүй дөрвөн сар боллоо. Үнэхээр тусдаа амьдралын хэмнэлдээ хэдүйн дасч, гэр бүл салсан гэдэгтээ бат итгээд өөр хүнтэй болчихсон юм биш байгаа гэсэн бодол ч ээрнэ. Ингээд би түүний талаар сураг чимээг сэмхэн чагналаа. Өөр эмэгтэйтэй болсон гэсэн хэл ам найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс гээд эргэн тойрных нь хүмүүсээс лав сонсдсонгүй. Хэсэг ч гэсэн сэтгэл амарч, уужим амьсгалахтайгаа болов. Гэсэн ч бүхэл бүтэн дөрвөн сарын хугацаанд үр хүүхдүүдээ аваад гэр орноосоо явсан бэрийнхээ араас эрэл сурал болж, ганц ч гэсэн удаа залгачихаагүй, үгүй дээ л ач нартаа санаа зовохгүй байгаа хадмууддаа хамгийн ихээр гомдож байлаа. Нэгэн цагт би тэр айлын хамгийн сайн бэр байсан биш билүү?

Description: 😢Хэд хэдэн эргэлзээний дараа “Ингэж эргүүтсэн ухна шиг толгойгоо шаан хэвтэхээр салъя” гэсэн шийдвэрт хүрч шүүхэд хандлаа.

Description: 🧑‍⚖️Гэр бүл салалтын талаар шүүхэд хандахад эхлээд заавал эвлэрүүлэн зуучлалд ханддаг юм билээ. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгснөөр уулзалтын өдөр товлогдов. Бидний уулзалт тусдаа амьдарч эхэлснээс хойш яг зургаан сарын дараа боллоо. Хагас жилийн хугацаанд манай хүн өнгө орж, жин нэмсэн харагдана. Харин би гэдэг хүн эсрэгээрээ жин хасч, жигтэйхэн их овор сууж, үрчлээ нэмснээ үүдний толинд анзаарлаа. Уулзалтын үеэр “Би эвлэрмээр байна. Бид салах гэр бүл биш. Жижигхэн үл ойлголцол л ийм байдалд хүргэлээ” хэмээсэн нөхрий маань үгс амьдралдаа юу юунаас илүү хүсэн хүлээсэн тэр л шидэт үгс шиг санагдаж байв. Ингээд бидэнд эвлэрэх нэг сарын хугацаа өглөө. Маргаашнаас нь л бүх зүйл өөрчлөгдөж, нөхөр маань ирж, биднийг гэрт аваачина хэмээн бат итгэж байсан ч хоног хугацаа өнгөрсөөр урьдын л адил утсаар ч ярьсангүй байтал “эвлэрэх” нэг сарын хугацаа дууслаа.

Ингээд итгэлийн минь дөл хэдүйн бөхөж гомдол цөхрөл голыг минь гогодож, шүүхэд нэхэмжлэлээ гаргалаа.

Description: ‼️Description: 📘Шүүхэд нэхэмжилсэн өргөдөлдөө би бүхнийг маш тодорхой дурдсан юм.

“Нэгдүгээрт гурван хүүхдээ өөр дээрээ авна. Хоёрдугаарт хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгож авна. Гуравдугаарт гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох гурван өрөө байр, машиныг бидэнд үлдээж, нөхөрт маань дундын хадгаламжинд байгаа мөнгийг өгөх.”

Гэтэл бүх зүйл санаснаар болсонгүй. Нөхөр маань шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад надруу залгаж ярихдаа ёстой л ухаан нь балартсан мэт хамаг л хараал зүхлийн үгсээр булж гарлаа. Тэрбүү хэл хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөнө гэнэ. Мэдээж над шиг шаналын тулам болсон аймшигтай муухай шулам хүүхдүүдийг нь хүн биш болгоно гэж санаа зовсон хэрэг л дээ. Хорвоо дээр бэртэй байсан, ач хүүхдүүдтэй эсэхээ ч мартсан гэлтэй аг чиг байсан хадмууд маань хүртэл нэг нэгээрээ залгаж, хүүхдийг минь зовоож, хамаг байгаа бүхнийг нь хуу хамах гэсэн “аймшигтай хүүхэн”-ийг бах таваа ханатал хэл амаар доромжлох болов. Нэгэн цагт итгэж найдаж асан хань, хадмуудаасаа айх болж, хөрөнгө мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүс гэдгийг нь бага сага гадарлах учираас өмгөөлөгч авах нь зүйтэй хэмээн сэтгэж өмгөөлөгч авлаа. Удалгүй нөхрийн маань шүүхэд гаргасан хариу тайлбарын хамт сөрөг нэхэмжлэлтэй ирэв. Сөрөг нэхэмжлэлийн утга нь ерөөсөө л миний нэхэмжлэлийг яг сөргүүлээд надад тавьж буй хэрэг л дээ. Гурван хүүхдээ өөр дээрээ авч, байр болоод машиныг ч гагц өөрийн өмчлөлдөө үлдээх.

Description: 💰Бидний эд хөрөнгийн маргаанд нөхрийн нэр дээр хадгалдаг хадгаламжийн мөнгө байсан учраас би нөхрийн нэр дээрх дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс миний хүсэлтийг гүйцэлдүүлж хадгаламжийн дансны хуулга ирлээ. Энэ дансны хуулга хар дарсан зүүдний мухарт хаа нэгтээ үзэгдээд алга болдог хуучны айдсыг минь бодит гэдгийг ойлгуулсан юм. Данснаасаа нэг эмэгтэйрүү байнга мөнгө шилжүүлдэг байсан нь тодорхой боллоо. Ингээд бүх нарийн зангилаа тайлагдаж, нөхрийн маань хуурамж баг нүдний өмнө ховхрон унах нь тэр. Өнөөх бүсгүй нь манай хүнтэй хамт ажилладаг, би нэг нэгнээ хальт тандаг байв. Үл ойлголцол төдийхнөөр төсөөлж асан ан цав маань ал хэдийнэ хоёр эх газрыг заагласан хоолой байсныг мэдэх агшныг юутай ч зүйрлэх билээ.

Description: 🙄Нөхөр маань ч өмгөөлөгч авлаа. Хэрүүл уруул, хэл амаар үргэлжилж, хэлээ хазан дуугүй байхыг сонгосноор даамжирч, хамтдаа байх нь бүх зовлонгийн шалтгаан бол тусдаа амьдаръя хэмээн шийдэлд хүрсэн амьдралын эцсийн зогсоол нь хэн хэнийхээ өмнө гэмтэй мэт гэлбэлзэж, хуулийн төмөр хэллэг сонсож суух хүртлээ даамжирна гэж хэн санах билээ дээ. Хүсэх юм яавч биш.

Хүүхдүүдэд гэр бүлийн эд хөрөнгө оногддог юм билээ. Үүнийг аль эрт мэдсэн нөхөр маань сайн эцгийн дүрд тоглож, намайг хорвоогийн хамгийн адгийн ээж болгон харагдуулахын тулд шүүхийн өмнө бүхнийг хийж байлаа. Эцэст нь хоёр том хүүдээс минь “Аав ээжийнхээ хэнтэй хамт байх вэ?” гэж санал авахад хоёулаа ээжтэйгээ гэлээ.

Description: 🕵️Харин нөхөр маань “...хүүхдийн асаргааны талаар мэргэжлийн шинжээч томилуулна” гэснээр түүний хүсэлт ёсоор болгож мэргэжлийн шинжээч томилогдож, тэр шинжээчийн дүгнэлт мөн л хүүхдүүдийг надтай үлдээх нь зүйтэй гэж гарлаа. Нэхэл хатуу нөхөр маань бууж өгөхийг хүссэнгүй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ тохиолдолд дээд шатны байгууллагаас дахин дүгнэлт гардаг учиртай аж. Тэр дүгнэлт мөн л хүүхдүүдийг ээжтэй нь үлдээх нь зүй болох тухай байв.

Хүүхдүүдээ “булаацалдан” шүүхдэлцэж байх хоорондоо ч хүүхдүүдтэйгээ ганц ч уулзаагүй хүн хөрөнгө мөнгөний төлөө хэрхэн улайран зүтгэж байхыг нь харах надад амаргүй байлаа. Эцэстээ хүн гээч хэзээ ч мөн чанар нь үл танигдах аймшигтай амьтан болох үнэнийг өөртөө нээж чадсандаа талархав.

Description: 🧑‍⚖️Шүүх хурлын үйл явц маш удаан үргэлжиллээ. Тэр бүх хугацаанд би гурван хүүхэдтэйгээ түрээсийн байрандаа амьдарсаар байлаа. Удтал сунжирсан шүүх хурлын эцэст хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх болж, би нэхэмжлэлийнхээ дагуу хүүхдүүдээ асрамжиндаа аван үлдэж, хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолголоо. Мөн байр машин ч бидэнд үлдсэн юм.

Description: ⁉️Шүүх хуралдааны явцад шүүгч нөхрөөс минь асуулаа. ”Эхнэр хүүхдүүд чинь түрээсийн байранд бараг 2 жил болсон байна энэ хугацаанд та эхнэр хүүхдүүдээ гэртээ авч ирэх үйлдэл хийсэн үү? Байрны түрээсийн мөнгөнөөс нь төлөлцсөн үү? Тэгж л таарч тохирохгүй байгаа юм бол та өөрөө гэртээ ганцаараа байж байхаар эхнэр хүүхдээ гэртээ авч ирээд өөрөө гэрээсээ явж болоогүй юм уу?” гэхэд

Description: 😢“Энэ бол миний байр. Манай эхнэр хүүхэд төрүүлж гэртээ суухаас өөр ажил хийгээгүй. Энэ байрыг авахад эхнэрийн хөлс хүч, хөдөлмөр ерөөсөө ороогүй. Би л бүх мөнгө төгрөгийг нь төлж авсан” гэж хариулсан. Үүнийг сонссон миний өр зүрхэнд үлдсэн өчүүхэн төдий гэгээ бүр мөсөн бөхөж, салж сарнисан ч гэлээ эргээд инээмсэглэн уулзаж, зовлон жаргалаа хуваалцах хүн ёсны өчүүхэн уучлал минь тасран унасан даа.

Тиймээ, би гэртээ хүүхдүүдээ харж олон жил суусан нь үнэн. Гэвч би гэртээ зүгээр суугаагүй юм. Онлайнаар бараа захиж борлуулаад гэр бүлийнхээ хүнс хоол, ойр зуурын хэрэглээг хангалттай болгоод байдаг байв. Тэр хүн үр хүүхдүүддээ хайртай сайн аав байсандаа бус хүүхдүүдэд эд хөрөнгө ноогддог гэдгийг олж мэдээд л хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авахыг хүсэж шүүхээр удтал заргалдсан нь энэ.

Description: 🥰Шүүх миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн ч өнөө хүн маань давж заалдах шатны шүүх, дээд шүүхэд хүртэл гомдол гаргажээ. Эцсийн байдлаар бүх хэрэг шийдэгдсэн ч бидэнд байраа чөлөөлж өгсөнгүй. Аргагүйн эрхэнд Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт хандаж байрандаа орсон.

Аливаа зүйл тохиолдоход хуулийн мэдлэгтэй байх нь их чухал гэдгийг би тэр үеэс хойш маш сайн ойлгож авсан. Хууль мэдэхгүйгээсээ болж бид маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохиролд амсаж байдаг юм билээ.

Өмгөөлөгч М.Хандармаа

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ