Гүнтэвийн Бадарч ярьж байна:
— Хатгины Үйзэн вангийн хошууны Алтан-Очиртын хийд дээр Нюгнайн төвд гэдэг мэргэн лам байлаа. Тэр үнэхээр мэргэн хүн байсан шиг над санагддаг юм. Би арван хэдтэй банди, 1930 хэдэн онд хар болоод байж байлаа. Эцэг Гүнтэвтэй хоёул хөвчөөс мод авчрахаар аян хийж явлаа. Буцаж ирэх замдаа Үйзэн вангийн хошууны нутаг Буурт, Цагаан Чулуутыг дайраад Алтан-Очиртын сүм дээр ирлээ.
— Хүүгээ Нюгнайн төвдөд мөргүүлнэ, аврал асууна гэж аав минь хэлж байна. Алтан-Очиртын өврийн хийд /Бандид ламын хийд/ дээр ирээд нэг хашааны өмнө тэрэг хөсгөө орхиод орлоо. Аав маань төвдийнхнийг мэдэх юм байна. Хашаанд нь ганц бор гэр байна. Орлоо. Хоовгор толгойтой лам сууж байна. Нюгнайн төвд нь энэ юм байна. Нюгнай сахих гэдэг номыг байнга уншиж бясалгал хийдэг учраас Нюгнай төвд гэдэг нэртэй болсон юм гэнэ. Төвд орноос бадарчилж ирсэн хүн юм гэдэг. Нэг багахан банди байна. Хоол ундыг нь хийж өгдөг хүн бололтой. Ороод бид хоёр мөргөж адис авлаа. Суулаа. Манай аав ламд хадаг бариад айлтгаж байна: “Хүрээ хийдийн лам нар цөөрч байхлаар манай энэ хүү Бадарч энэ жил хар болсон юм. Энэ хүү эрүүл мэнд сайн явж чадах нь уу? Дахиад лам болох хувь заяа үүнд байна уу? Намайг нас барахад миний толгой дээр энэ хүүгээр ерөөл уншуулах арга байна уу? Лам минь үзэж хайрла” гэв. Лам шоогоо орхиод түүнийгээ харах ч үгүй ярьж байна:
— Хүү чинь мэнд сайн явнаа. Зовлон тохиолдох байх. Гэвч зовлон даах зовлоготой төрсөн юм байна. Дахиад лам болж чадахгүй. Таныг нас барахад энэ хүү таны толгой дээр ерөөл уншинаа гэж тэр хэлэв. Бид хоёр гараад явав.
Тэгээд би цэрэгт явав. Халх голын байлдаанд оролцож бөмбөгдүүлээд гурван мөчөө хуга цохиулав. Эмнэлэгт хэдэн сар хэвтээд эв эрүүл болоод гарсан шүү. Нээрээ л би зовлон даах зовлоготой төрсөн юм байна. Би өнөө жар гаруй наслаад мэнд сайн л явж байна. Эцгийгээ нас барахад би толгой дээр нь ерөөл уншсан. Урьд цээжилсэн ерөөлөө мартаагүй юм чинь яах вэ. Нюгнайн төвдийн айлдсан цөм үнэн болсон шүү. Би түүнийг их мэргэн лам байсан гэж боддог доо.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.