Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+

ДОЛООН АЙЛЫН ХОНИЙГ НЭГ ГАЗАР БӨӨГНӨРҮҮЛСЭН НЬ

Л Лемурийн нүд · 2 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Цэст гуай та 84 хүртлээ чөтгөр үзсэн үү?

— Үзээгүй.

— Ер бусын хачин явдал танд тохиолдсон уу?

— Үгүй гэх үү дээ. Нэг хачин явдал болохыг би үзсэн.

— Түүнийгээ ярьж өгнө үү?

— За тэгье. Энэ бол 1930 оны намар Өвөрхангай аймгийн Баянбулаг сумын нутагт болсон хэрэг. Арвайхээрийн хүрээний эрдэмтэй номтой нэлээд лам нар Онгийн голын хавьд байгаа хэдэн айл дээр гарч амарч айраг ууж биеэ тэнхрүүлж байсан юм. Би залуухан лам тэнд байж байлаа. Тэнд байсан айлууд бол Шиндүг нярав, Цэдэн-Иш, Жаргал, Гэндэн зэрэг долоон чинээлэг хот айл байсан юм. Онгийн голын хөвөөнд Нүдэн булаг гэдэг сайхан билчээртэй газар байсан. Тэнд чөтгөртэй болсон гээд айл нутаглахаа больсон юм. Тэгээд ч билчээр нь сайхан, мал идэхгүй болохлоор ногоо нь соргог хэвээрээ байгаа хэрэг. Лам нарын хөдөөлж байсан айлууд нэлээд лам нар байгаа учраас чөтгөрөөс айхгүй болж Нүдэн булгийн тэнд очиж бууцгаав.Тэгээд хэд хоноход ямар ч юм мэдэгдэхгүй тайван байлаа. Би Шиндүг нярвынд хонож өглөө босох гэж байтал хүмүүс:

— Хоттой хонь алга. Яачихваа гэцгээж байна. “Юу болоо юм бол?” гэж бодоод гадаа гараад харсан чинь нээрээ хэдэн гэрийн мянга шахуу хонь байдаггүй, хороо нь хоосон байна. Хүмүүс цөм гайхацгаав. Хэдэн хүн морьтой эрэхээр явцгаав. Бусад айлуудын хонь бас цөм байдаггүй гэнэ. Хүмүүс ийш тийшээ давхицгаав. Тэгсэн чинь, тэр айлуудаас одоогоор бодоход 5-10 километрийн зайтай нэг хонхорт долоон айлын түм орчим хонийг бүгдийг нийлүүлээд хураачихсан байж билээ. Хэн тэгж хонийг хөөж аваачаад хураасан нь огт мэдэгдээгүй. Айлууд хонио таньж ялгаж авах гэж бөөн хар ажил болж үд өнгөртөл олон хүн ажиллаж арай гэж хонио ялгаж салгаж авлаа. Тэгээд маргааш өглөө нь болсон чинь, бас айлуудын хонь хотондоо байдаггүй, өнөөх хонхорт бүх айлын хонийг нийлүүлээд хураачихсан байлаа. Бас арай гэж хонио ялгаж аваад гурав дахь шөнө зарим айл хонио манаж хоносон боловч тус болсонгүй, бас л өнөөх хонхорт бүх хонийг шөнө аваачаад хураачихсан байв. Өөр мэдэгдэх харагдах юм юу ч байгаагүй. Тэгээд бүр ядаад тэндэх айлууд бүгдээрээ нүүж Нүдэн булгаас холхон газар очиж буусан. Тэгээд л зүгээр. Айлуудын хонь хотондоо хонодог болох нь тэр. Үүнээс өөр хүн амьтан өвдөж зовох юм уу, элдэв хачин дуу чимээ гарсан юм байхгүй. Тэгээд хүмүүсийн ярьсан нь: “Нүдэн булгийн тэнд чөтгөр байна. Тэр чөтгөр айлуудын хонийг нийлүүлж хорлоод хөөж нүүлгэсэн хэрэг” гэж бодоцгоосон. Үүнийг өөрөөр тайлбарлах аргагүй юм гэж Цэст ярив.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ