Монголчуудын амьдралд Toyota Prius ямар том байр суурь эзэлдгийг тайлбарлах шаардлагагүй биз ээ.
Шатахуун бага зарцуулдаг, эдийн засгийн хэмнэлттэй Prius Монголын мянга мянган өрхийн өдөр тутмын унаа болж, такси үйлчилгээ, жижиг бизнесээс эхлээд жирийн айл өрхийн амьдралд хүртэл өөрийн гэсэн том орон зайг бий болгосон машин.
Харин энэхүү Prius-ийн түүхийн ард байсан гол хүмүүсийн нэг болох Toyota Motor Corporation-ийн ерөнхийлөгч асан Hiroshi Okuda 93 насандаа таалал төгсжээ.
Түүнийг Toyota-г удирдаж байх үед анхны Prius-ийг үйлдвэрлэлд оруулах асар эрсдэлтэй шийдвэрийг хүчтэй дэмжиж, 1997 онд дэлхийн анхны олноор үйлдвэрлэсэн hybrid автомашиныг зах зээлд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн хэмээн дурсдаг.
Тэр үед ирээдүй байсан технологи өнөөдөр дэлхийн сая сая хүний өдөр тутмын хэрэглээ болжээ.
Харин Монголд бол PRIUS зүгээр нэг автомашин биш.
Шатахууны үнэ, өрхийн орлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд Prius олон хүний хувьд хамгийн бодитой, хэмнэлттэй сонголтуудын нэг хэвээр байна.