Өвөрмонголын Бандид гэгээний хийд дээр Хонхорын Дорж гэдэг нэг банди байжээ. Гурван жил сууж, таван жил суужээ. Ердөө ном сурдаггүй байжээ. Ганцхан сурсан ном нь гэвэл Мазжушри бурханаас оюун билэг гуйсан “Ганги лодой” гэдэг ном байжээ. Ном сурахгүй болохоор багш нь хэлжээ: “За чи ном сурахгүй юм шиг байна. Чамд их номоор ч яах вэ! “Ганги лодойг” чи мэднэ. Тэр чинь чамд болно. Түүнийгээ л сайн уншиж яв” гэжээ.
Хонхорын Дорж тэгээд Бандид гэгээнийхээс гараад гэртээ хариад явчихжээ. Гэр нь Бандид гэгээний хийдэд ойрхон юм гэнэ. Хөдөө гараад мал маллаад явдаг байжээ. Тэгэхдээ өнөөх “Ганги лодойгоо” уншаад явдаг байжээ. Хонхорын Дорж бас хулгай хийдэг болжээ. Хулгайн хэрэгт холбогдоод хошууны тамгын газрын хар гэрт ороод хоригдож байж гэнэ. Гартаа гавтай, хөлдөө төмөр тушаатай байдаг байжээ. Дорж нэг шөнө өлсөөд ер болдоггүй гэнэ. “Ганги лодойгоо” уншаад гавныхаа цоожийг үлээсэн чинь тор хийгээд унаж гэнэ. Гар нь сул болжээ. Тэгэхлээр мөн “Ганги лодойгоо” уншаад хөлний тушааны цоожийг үлээж гэнэ. Мөн тор гээд унаж гэнэ. Гар хөлөө сул болохоор шөнө босож гадуур жаахан явж байгаад үүр цайхаар гадагшаа явж гэнэ. Тамгын газрын хар гэрээс зүүн тийш нилээд зайдхан хэдэн гэр айл харагддаг байжээ. Дорж тэр айлд очоод тараг идье гэж бодоод хүрээд очжээ.
Хар гэрийн хуяг өглөө босоод хоригдлуудаа бүртгэж үзсэн чинь Дорж алга болсон, гав тушаа газар хэвтэж байж гэнэ. Айж сандраад тамгын түшмэлд очиж хэлж гэнэ. Тамгын түшмэл “Чи тавиад явуулчихсан байлгүй яах вэ! Төмөр гав тушаа өөрөө яагаад сулрах вэ!” гээд загнаж гэнэ. “Доржийг үүдээс урагш олж ир! Олж ирэхгүй бол оронд нь чамайг хорино” гэж тушааж гэнэ. Өнөөх хуяг гараад дэмий явж гэнэ. Шөнө оргоод явчихсан хулгайчийг олно гэх огт найдвар байхгүй байжээ. “Юу ч гэсэн тэр зүүнтээх айлаас асууя” гэж бодоод тэнд очиж гэнэ. Тэгсэн чинь тэр айлын нэг гэрт Дорж тараг идээд сууж байж гэнэ. “За чи энд байгаа нь яамай. Чи намайг алах шахлаа. Би чиний оронд хоригдох шахаад байна. Чи яах гэж энд ирээ вэ?” гэж гэнэ. “Би тараг идэх гэж энд ирсэн. Өлсөөд сууж болохгүй юм” гэж гэнэ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.