1964 оны 4-р сарын 12-ны бүтэн сайн өдөр миний танил Пирэнлайравжаа манайд орж ирлээ. Энэ хүний, бурхны тэг зурах журмыг орчуулахад би тусалсан учир хариуд нь “Би ном судар эрэх зэргээр тусалж болно” гэж Пирэнлайравжаа над хэлсэнд би “Над сонин юм ярих хүнийг олж уулзуул” гэж гуйсан юм. Тэгээд энэ хүн намайг хэдэн өвгөнтэй уулзуулсан билээ. “Боржгинд гарсан гэмин чөтгөрийн тухай биеэрээ үзсэн хүнийг олж ир” гэж би гуйсан юм. Пирэнлайравжаа ирээд над хэллээ: “Өнөөх Жамъяншарав өвгөн чинь Налайхаас ирээд байна. Та уулзахгүй юу? “ гэв. Би Жамъяншаравын тухай урьд сонссон юм. Энэ хүн, морины хөл сайн хатгадаг гэж алдартай бөгөөд энэ хүнд бүтэн сайн “Хар домын судар” байна гэж 1960 онд сонссон юм. Тэгээд Боржгины чөтгөрийг сайн мэдэх хүн гэж Пирэнлайравжаа над урьд хэлсэн юм. Ийм хоёр шалтгаанаар энэ хүнтэй би уулзах гэж боддог боловч урьд хоёр удаа эрээд дайралдаагүй билээ.
Пирэнлайравжаа бид хоёр өглөөний 11 цагийн хирд Рашааны 12 дугаар гудамжны дугааргүй хашаанд очиж нэг айлд орлоо. Нэг өвгөн суга таягаа дэргэдээ тавиад сууж байна. Нэг хижээл хүн босоо зогсож байгаад “Би явья” гээд гараад явчив. Хойд орон дээр нэг хүн хэвтэж байна. Харвал Их сургуулийн жолооч Зэвгээ байна. Нэг хүүхэн цай халааж байна. Энэ айл бол Зэвгээгийнх байна.
Тэр таягтай өвгөний нэрийг асуувал “Жамъяншарав” гэв. Бидний уулзах гэсэн хүн энэ мөн байна. Пирэнлайравжаа Жамъяншарав хоёр бие биенээ танихгүй байх нь гайхалтай шиг санагдлаа. Тэр хоёр харилцан асуулцаж нэг нутгийн хүмүүс гэдгээ мэдэлцэв. Урьд таньдаг байгаад мартсан байжээ.
Бид эхлээд тэр өвгөний морины хөл ханах мэргэжлийн тухай ярилцав. “Хар домын судрыг” үзвэл ардын эмнэлгийн сонин ном байлаа. Түүнийг “хэд хоног хэрэглэж хуулж аваад өгье” гэж гуйж авав.
Дараа нь Жамъяншарав намтраа товчхон ярив. Түүний ярьсан нь “Би боржгин Цэцэн ван Гомбосүрэнгийн эцэг Нэрэн гүнгийн дүүгээс төрсөн хүн. Бар жил /1890/ төрсөн. Миний эх, Нэрэндэндэв гэдэг баян хүний эхнэр болж яваад намайг төрснөөс хойш нөхрөө нас барахлаар нутагтаа нүүж ирсэн юм. Би зүүн Чойр дээр лам болон сууж байлаа. Гэвч ном их үзээгүй, наймаа худалдаа хийж олз ашиг олж явлаа. Гүнбум, Бээжин, Жанчхүү зэрэг газраар жин тээж хэд явсан. Бас Нэрэн гүнгийн үрчилсэн хүү болж явлаа. Нэлээд баялаг айл байлаа. 1929 онд юмаа хураагдаад 100 бодтой үлдсэн. Нэг өргөмөл бүсгүйтэй хамт амьдарсаар байв. Тэр маань давтиргүй хүн болжээ. Хэдэн нөхөр солилоо. Банзрагч гэдэг хүн манай хүргэн болж байхдаа өөрийн нэрээр манай малыг Баянзүрхийн нэгдэлд өгч нэгдлийн гишүүн болжээ. Тэр хүргэн салаад явчихлаар манайх нэгдэлд дансгүй үлдлээ. Ганц хүүхэн эр дагаад явчлаа. Би 75 настай, хоёр суга таягаас өөр юмгүй үлддэг байна. Айл хэсэж айлын тогоо өнгийж амьдарч явна” гэв. “Нэгдлийн дансанд орох тухай өргөдөл өг” гэж бид зөвлөв.
“Зүүн Чойр дээр гарсан чөтгөрийн тухай та зөвхөн өөрийн магадтай бодтой үзсэн зүйлээ ярьж өгнө үү “ гэсэнд Жамъяншарав гуай ярьж эхэллээ. “Боржгины хүмүүс энэ тухай их юм ярьдаг” гэж гэрийн эзэн эхнэр хоёул хэлэв. Түрүүнд гараад явчсан Цүлтэм гэдэг хүн бол хүрэн Гимпэлийг өргөж тойлж байсан гэдгийг хэлэв. “Тэр бас л юм үзсэн байх” гэж тэд хэлэв. Түүнтэй ярьж чадсангүйдээ бид харамсав.
Жамъяншарав гуайн ярьсан нь: “Гэмин манай Зүүн Чойр дээр олон байлаа. Дугар мэйрэн ирж тэднээс нэлээдийг алсан. Дараа нь Барон ирж хагасы нь алаад хагасы нь хөөж явуулсан.
Түүнээс хойш хоёр жил болоод гахай жилийн /1923/ зудын өвлийн дунд сар боллоо. Чойр дээр хашаа байхгүй, хийдийн ойр задгай газар лам нар олон гэр бариад суудаг байлаа. Манайх тэр гэрүүдийн баруун хойт захад байлаа. Хүрэн Гимпэл гэдэг, олон шавьтай өвгөн лам манайхаас зүүн урагшхан байлаа. Гимпэлийн баруун талд дэргэд нь Жамъянданзангийнх байлаа. Жамъянданзан, надаас ганц ах, надтай үерхэдэг хүн, нэг үдэш манайд орж ирлээ. Манай хоёр хүүхэд цэцэг өвчин хүрээд байсан юм. Жамъянданзан манайхыг үргэлж эргэж тойрдог байсан. Тэр орж ирээд “Чи хачин юм дуулна уу? “ гэлээ. Би “Дуулъя” гэлээ. “Гимпэл гуайнх чөтгөртэй болжээ” “За, яаж байна” “Өнөөдөр хачин юм боллоо Гимпэл гуай хонины хөлдүү мах хэсгээх гэж гэртээ оруулаад зүүн авдран дээрээ тавьсан байлаа. Тэр хөлдүү махнаас гуя нь ховхроод газар ойчив. Түүнийг аваад авдран дээр тавьсанд тэр гуя баруун хананд нь үсэрч ойчлоо. Хүн шидэж байгаа юм шиг байлаа. Хүн нь харагдахгүй юм. Дараа нь өвгөн ламын хоол иддэг хутга үсрээд тэр хөлдүү гуянд ишиндээ тултал шаачихлаа. Ийм хачин юм болж байна” гэв. Би “Худал. Битгий солиор” гэхэд “Үнэн гэм. Би нүдээрээ харлаа” гэв. Бид хоёр гадаа гараад харвал Гимпэл гуайн гадаа, гэрийг нь тойроод олон хүн зогсож байна. Бид хоёр очлоо. Гэр нь овгод овгод хийж байна. Бүслүүрээс нь хүн татаж ханы нь хавчиж байгаа юм шиг гэр нь дээшээ оцойж байгаад намс хийж буух юм. Бас гэр дотуур нь юм шидэлж байгаа шиг түр тар хийх чимээ гарч байна. Жамъянданзан “Оръё” гэхэд би зэвүүцээд ороогүй. Хүүхэд өвчтэй болохлоор би ороогүй. Маргааш нь боллоо. Би нэг айлаар ороод Гимпэл гуайн зүүн урдаас гэрээ чиглээд явж байлаа. Тэгтэл гэрийн тооно таглах өрхний чинээ эсгий газраас хөндий явж байна. Цаана нь байгаа хүн харагдахгүй байна гэж би бодлоо. Тэгтэл тэр эсгий Гимпэл гуайн гэрийн бүслүүрт очоод хавчуулагдав. Хүн байдаггүй. Би гайхаад тэр гэрээс холуурхан тойроод гэртээ харьсан. Миний нүдээр үзсэн нэг юм энэ байна. А бас нэг юм үзсэн. Гимпэлийнх чөтгөртэй боллоо гээд хамаг амьтан шуугиж байлаа. Гимпэл гуайн эрихний хэлхээг тасдаад эрихий нь бутарган хаяжээ гэж хүн ярьж байна. Би тэднийд ордоггүй байлаа. Миний танил Гэлэгпунцаг гэдэг залуу, барилддаг лам байлаа. Тэр манайд орж ирээд “Хоёул Гимпэл гуайн орж үзье “ гэв. Би орох дургүй боловч бас сонирхоод за ч гэхгүй, үгүй ч гэхгүй байлаа. Гэлэгпунцаг намайг хүчээр шахуу хөтлөөд Гимпэл гуайн үүдний пэнд орлоо. Гэрт нь Гэлэгпунцаг түрүүлээд орлоо. Би дагаж ороод үүдийг хааж амжаагүй байтал, өвгөн лам хойноо ажиггүй сууж байгаа харагдав. Нэг сүх тулганы дэргэдээс өөрөө үсрээд баруун хананд тусаж байна. Би буцаад гартал бас нэг юм түс хийх шиг боллоо. Гэлэгпунцаг гарч ирээд “Арай л ууц хугалчихсангүй” гээд нуруугаа тэмтэрч байна. Тэр сүх Гэлэгпунцагийн нуруун дээр туссан байжээ. Бас нэг үдэш би Жамъянданзангийнд ороод сууж байв. Гэтэл Гимпэл гуай үүд сөхөөд “Хоёр хүүхдийн хоолыг идүүлээд өгөөч” гэхлээр Жамъянданзан гараад явчив. Жаахан байзнаж байгаад Жамъянданзан гэртээ орж ирээд “Лаа авъя. Өнөөх золиг нь дэн унтраачхаад хүүхэд хоол идүүлэхгүй байна” гээд лаа аваад гарав. Бас жаахан байзнаж байгаад Жамъянданзан хугархай лаа бариад орж ирэв. “За яаж байна? “ гэж асуусанд “Энийг харахгүй юү? “ гээд голыг сугалчихсан орос лааны хоёр хугархай үзүүлэв. Түүний хэлсэн нь: “Би Гончигчоймболынхоос хоёр хүүхдийн хоолы нь аваад Гэмпилийнд орж хоёр хүүхдэд нь хоол өгөх гэж дэнг ноцоолоо. Дэн нь унтраад болохгүй. Тэгэхлээр лаа ноцоов. Лаагий минь хомоолоор шидэж унтраагаад болохгүй. Хомоол шидэхлээр би лаагаа зайлуулж байлаа. Хэдэн хомоол шидэхэд миний лаа оногдсонгүй. Аргалын авдарнаас хомоол авч шидээд байх юм. Лаагаа гараараа зайлуулж шидсэн хомоолд оногдуулахгүй барьж байтал гэнэт лааг миний гараас булааж аваад зүүн хойт авдарны нүүрэнд тас хийтэл хаяв. Очоод лаагаа авсанд хоёр хэсэг хугараад байна. Чүдэнзээр асаах гэтэл лааны голыг сугалаад хаясан байлаа. Тэгээд хоёр хүүхдийн хоолыг бас зүүн хойт авдранд хаяв. Тэгэхлээр хоёр хүүхэд хоолоо /чанасан махаа/ гараараа барьж байж идээд харанхуйгаар унтлаа” гэж ярив. Гимпэлийнд арван хэдэн настай хоёр банди байсан юм. Нэгий нь Түмбий Молом, нөгөөгий нь Балданжамц гэдэг. Түмбий Молом нас барсан. Балданжамц одоо /1964 онд/ Хэнтий аймгийн Дархан суманд бий. Түүнээс асуувал энэ явдлыг сайн мэднэ. Гимпэл гуай гэртээ хоол хийж идэх аргагүй болоод зүүн гэртээ Гончигчоймболынд хоолоо хийж иддэг байсан юм. Тэгээд хоёр хүүхдээ хооллох гэж Жамъянданзанг гуйсан хэрэг. Жамъянданзан голгүй хугархай орос лаа бариад байхыг би нүдээрээ үзсэн. Лааны голыг суга татах гэдэг хэцүү хэрэг шүү. Бас Жамъянданзангийн над ярьсан нь: “Гимпэл гуайн шар оройтой, өвлийн малгай үсчээд болдоггүй байлаа. Тэгэхлээр тэр малгайг би арын хоолойд аваачиж шатаалаа. Тэгээд буцаад ирж явсанд өнөөх шар малгай бас үсчээд явж байсан” гэв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.