Элдэв сонин 18+ 2,500 ₮

Лам гэхэд хачин, тарвага агнадаг байсан юм гэнэ билээ

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Жонон вангийн хошуунд Дамбий Шавран гэж лам байлаа. Лам гэхэд хачин, тарвага агнадаг байсан юм гэнэ билээ. Тэднийд хоол унд элбэг байдаг учраас би тэднийд байн байн очдог байлаа. Дамбий Шаврантай би сайхан танил боллоо. Дамбий Шавранг шидтэй чадалтай, хүн гэдэг байлаа. Би ч итгэдэг байсан. Би Улаанбаатарт цэрэгт байж байгаад нэг жил нутагтаа харилаа. Тэр үед би хорин хэдтэй байсан, тэгэхлээр ах маань Салаа Ёндон гэдэг хүн, гучаад настай байсан. Одоо хүү Зундуй, Амар нар бий, охин Хорлоо, Нэрэнмаа нар ч бий.

Ардын засгийн эхний үед намайг харихад ах маань хариугүй, толгойгоо даахгүй өвчтэй үхэх гэж байна. “Дамбий Шаврангаас асуув уу?” гэхэд “асуусан, Сэндонмагийн дордог уншуул гэсэн. Түүнийг Далай багш гэдэг ламаар уншуулсан” гэж манайхан хэлэв. Би “Дамбий Шаврангаас дахиад асууя” гэж бодоод цоохор Гэндэн, бэргэн хоёрыг “яв” гэв. Тэгэхэд манай /ах/ их дургүй “Би нэгтээ үхэх болсон хүн. Хэдэн мал хүүхдэд маань хэрэгтэй. Дамбий Шавранг битгий зал. Гүрэм уншуулах хэрэггүй” гэж байх юм. Тэгсэн ч хамаагүй тэр хоёрыг явуулав. Тэр хоёрыг очоод асуухад “Сэндонмагийн дордог уншуул” гэж хэлжээ. “Таны айлдсан ёсоор Сэндонмагийн дордогийг уншуулсан” гэж бэргэн хэлжээ. “Юманд тоо гэж байдаг юм. Дахиад уншуул” гэжээ. “Та өөрөө уншиж хайрла” гэжээ. Би тэдэнд “Аврал буувал өөрөөр нь уншуулна” гэж захисан юм. Лам хэлж гэнэ: “Тэгье. Би уншаад өгье” гэжээ. Удалгүй 80 хүрсэн өвгөн Дамбий Шавран шавь нартайгаа хүрээд ирлээ. Шавь нар нь балин тахилыг бэлтгэв. Манай ах, Дамбий/г/ харах дургүй буруу хараад хэвтээд байх юм. Лам гүрмээ уншиж эхлэв. Тэгтэл манай ах уйлж гарлаа. “Та яагаад уйлж байгаа юм?” гэж асуухад ах хэлэв: “Мэдэхгүй, хүүхээ нулимс аяндаа гоожоод байх юм” гэв. Тэгээд ламыг харахгүй толгойгоо буруулах юм. Ямар учрыг мэдэхгүй, ламд их дургүй юм. Лам манай ахыг хараад хэлж байна: “Чи их хувьтай хүн юм. Чи өвчиндөө их дуртай юм. Өвчин та хоёрыг эх үр хоёр шиг уйлуулж байгаад салгана даа хөө” гэж байх юм. 3 хоног ном уншив. Линга эвдэж сороо гаргах боллоо. Гаднаас нэлээд хүн цуглалаа. Манай бэргэн үнээ сааж байлаа. Би гэрт ороод сор гаргахад дээл хувцас нь цэвэр байг гэж бодоод ахын хучсан дээлийг хуулж гадаа сэгсрэх гэж аваад гартал бэргэн намайг хараад “Хүүе” гэж хашгираад гүйж ирлээ. “Наадахыгаа сэгсэрч болохгүй, Эргүүлж аваачаад ахыг хуч” гэв. “Сэгсэрвэл яадаг юм? Хог шороогий нь цэвэрлэе” гэсэнд бэргэн хэлж байна. “Наадах дотор чинь хурганы хирийн амьтан оволзож байсан юм. Би өглөө үзээд их айсан” гэж байна. Тэвэрч яваа дээлээ харсан чинь нээрээ дотор нь нэг юм байх шиг санагдлаа. Бушуухан оруулж өвчтэй ахынхаа хөл дээр хаяв.

Лам гадаа гал түлүүлж байгаад линга эвдэж сороо галд хайлсан. Лам галын дэргэд очоод чойжин оршсон юм шиг болж амнаас нь улаан хөөс сагуулан галд орж явчихах гээд байсан. Бэргэн бид хоёр ламын хормойноос барьж арай л гэж тогтоож байсан. Маргаашнаас нь манай ахын бие сайжирч эхлээд арваад хоноход бүр эдгэсэн. Эм уусан юм байхгүй, зүгээр болсон. Хараалын хор болсон гэж Дамбий Шавран айлдаж байсан. Би ер нь Дамбий Шавран гуайд их итгэдэг, их хүндэлдэг байсан.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ