Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :
- Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :
- Миний найз төвөггүй тэнцчихлээ ш дээ, би чамд хэлсэн биз дээ гээд л бөөн баяр хөөр болох зуураа :
- Одноо багшид таалагдана гэдэг чинь том эхлэл шүү, миний найз загварын ертөнцөд тавтай морил гээд сүржигнэж гарав.
Пүрэвсүрэн бол багынхаа загвар өмсөгч болох мөрөөдлөө өдий болтол орхиогүй яваа жинхэнэ хүсэл мөрөөдөлдөө үнэнч нэгэн билээ. Түүний өндөр гоолиг бие, өөгүй тунгалаг царайг харсан хэн ч болов сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Хувцсаар биш биеэрээ гоёдог насан дээрээ яваа түүнтэй учирсан залуус түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэж урмын үг хайрлах далимаар эрээ цээргүй ширтэцгээх нь эхэндээ түүнд эвгүй байсан ч одоо нэгэнт дасал болсон гэхэд болно. Пүрэвсүрэн хэдий загвар өмсөгч болох хүсэлтэй боловч амьдралын эрхээр их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцах болсон нь түүний багын хүсэл мөрөөдлийг талаар болгосонгүй. Учир нь их сургуульд хамт суралцдаг Цацрал гэх царай зүс, бие хаа тэгш охинтой танилцаж, үерхэх болсноор загвар өмсөгч болох үүд хаалга нь нээгдсэн юм. Цацрал сурагч байхаасаа "Дорнын гоо" загварын агентлагт загвар өмсөж ирсэн бөгөд Пүрэвсүрэнтэй танилцсан даруйдаа түүнийг өөрийн агентлагтаа очиж бүртгүүлэхийг санал болгож "Дорнын гоо" загварын агентлагын захирал гэх гуч гаруй настай боловч хорин настай охин мэт сэмбэлзэх Одноо багштайгаа танилцуулсан нь энэ байлаа.
Пүрэвсүрэн энэ өдрөөс хойш хуваарийн дагуу өдөр алгасалгүй загварын дамжаанд явж эхлэв. Загвар өмсөгч болно гэдэг тийм амархан биш болохыг Пүрэвсүрэн өдөр ирэх тусам мэдэрч байсан боловч шүд зуун тэвчихээс өөр сонголт түүнд байсангүй. Алхаа гишгээ, хэл ярианаас эхлээд санхүүгийн хувьд ч олон хүндрэлүүд тулгарах боловч тэр бүхнийг зохицуулсаар хагас жилийн нүүрийг үзлээ. Одноо багш нь загварын дамжааны охидод хандан үргэлж сургааль ном айлдаж зарим үедээ хэтэрхий хатуу үг хэлэх бөгөөд ихэвчлэн дараах үгийг амны уншлаг мэт үглэнэ.
- Амжилтанд хүрэхэд их бага хэмжээний золиос заавал шаарддаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Хэрвээ та нар нэртэй загвар өмсөгч болъё л гэж бодож байвал өөрийгөө ч гэсэн золиослох зориг зүрхтэй байх ёстой гэж ирээд л зандрах нь олон байв. Удалгүй Пүрэвсүрэн загварын хагас жилийн дамжаагаа ч дүүргэж танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь түүний урам зоригийг улам бүр бадрааж байлаа. Тэрээр өмсөж зүүхээс авахуулаад биеэ авч явах байдал нь хүртэл эрс өөрчлөгдөж загварын дамжаа түүнд чамгүй зүйл сургасан нь хэнд ч илт харагдаж байв. Цацрал үргэлж Пүрэвсүрэнд :
- Чи бол Одноо багшид хамгийн их таалагдаж байгаа охин, тийм ч учраас чи түүний итгэлийг алдаж болохгүй шүү гэж сануулна. Удсан ч үгүй хаврын тэр нэгэн өдөр Пүрэвсүрэнгийн хүсэн хүлээсэн өдөр нь айлчлан ирж тэрээр анхныхаа загварыг өмсөж тайз эзэгнэн алхав. Монголын нэртэй том компаний бүтээгдэхүүнийг албан ёсоор сурталчлах өдөрлөгт албан ёсны загвар өмсөгчөөр оролцоод чамгүй талархал хүлээсэн нь түүнийг загварын ертөнцөд эргэлт буцалтгүй оруулах үүд хаалгыг нээснийг Пүрэвсүрэн яахан мэдэх билээ. Учир нь загварын баяр болох үеэр Монголын тэргүүн баячууд, өндөр албан тушаалтай нууц ноёнтонгууд хүрэлцэн ирж охид бүсгүйчүүдийг сонжиж, таалагдсан охидыг ивээн тэтгэж нэр төрийн оргилд турхирдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ л замаар Пүрэвсүрэн Монголын зартай баян залуугийн хараанд өртөж хүслийг нь бадрааснаа үл мэднэ. Анхны загвараа өмсчихөөд догдолж зогсох Пүрэвсүрэн дээр Одноо багш нь хүрч очоод...
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.