Бид хүүхэд ахуй цагтаа томчуулын ярьдаг байсан «хар гар» хэмээх аймшигт үлгэрийг чих тавин сонсдог ч хөнжил дотроо айж хурган амьсгал түгжин хонодог байлаа. Гэвч энэ тухайд бодит үнэнийг сонсох цаг нэгэнтээ ирэх байсныг насны залуу, цусны шингэнд даан ч гадарласангүй. Энэ бол гэхдээ «хар гар» хэмээх ам дамжсан үлгэр биш далдын хар хүч агуулсан «хатсан гар»ны тухай нэн аймшигт бодит түүх юм.
1950-иад оны эхээр одоогийн «Нарны титэм» дэлгүүрийн ойролцоох Есөн гудамжинд Ли дааяа буюу Намсрай хэмээх өвгөжөөр хятад бага шигхан гуанз ажиллуулан амьдарч байв. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойно доо олон ч хүүхнийг урхидаж дөнгөдөг байжээ. Ли дааяа сайхан хүүхэн харагдвал үнэгүй хоол, цайгаар дайлан хөгцөнд идэгдсэн шар шүднүүдээ ярзайлган инээнэ. Тэрбээр нэгэн өдөр хөдөөний байдалтай, хувцас хунар муутай боловч царайлаг хүүхэн хашааных нь өмнүүр ууттай юм үүрэн ядарсан бололтой алхаж явааг хараад гуанзандаа дуудаж оруулан цай, хоолоор дайлангаа хэрэг зоригийг нь асуугаад авч амжжээ. Бүсгүй ч Архангайгаас Аж үйлдвэрийн комбинатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаа цайлганаар өгүүлж орхижээ. Улаанбаатараар дүүрэн танилтайн хэрэг юу билээ гэсэн шиг Ли дааяа тэр дорхноо л эрж яваа айлыг нь олоод заагаад өгчихөв. Тэгэхдээ ирж үнэгүй хоол идэж бай гэж хэлэхээ ч мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнүүр явж харагдангуут мөн л майжигнан гүйж очоод чирэх шахам гуанзандаа оруулж хоол цайгаар шахсанаа:
Чи ихээ муу хүүхээ. Манайд ирж хоол идэхгүй яасаан. Би их гомдсоон гээд уйлах маяг үзүүлэхэд нь бүсгүй тэсгэлгүй инээд алджээ. Энэ инээд багагүй хугацаанд Ли данжаадын шавар тагзыг чимсэн юмдаг. Үүнээс хойш Цэцэгдарь өдөн цагаан малгай, үйтэн хуаран дээл, торгон савхи өмссөн хотын ганган хүүхэн болж хувирчээ.
Энэ хооронд Ли данжаад түүнд:
Хай Цэцгүдалиа, чи ажил хийж юу хийнаа. Ажу үйлдвэлүү комбинадуу гэж ямар муухай ваа гэж ятгана. Улаанбаатарт ирээд нэг жил болсон Цэцэгдарь ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаасан юмгүй хэрнээ эрчүүдэд энгэр задгай нэгэн болсон байв. Ли дааяагаас зүгээр нэг, зээлж нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртэй болсон байлаа. Нэг өдөр Цэцэгдарь сурсан зангаараа мөнгө зээлэхээр иржээ. Энэ удаад луухаан ихээхэн өөр болсон байв. Тэрбээр харин өмнөөс нь 1000 төгрөгөө нэхэж эхлэх нь тэр. Сардаа 100 төгрөгний цалин авдаг Цэцэгдарь үнэндээ шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв.
Ли дааяа мөнгөө заавал өнөөдөр авна гээд зогссонгүй шүүх, цагдаад хэлж шорон гянданд хийлгэнэ гэж сүрдүүлсээр уйлуулж орхижээ.
Тэгснээ гэнэтхэн мөнгөн ус шиг сайхан ааштай болж:
Хай, Цэцэгээ. Тэнэгү Лиг өршөө. Би яасаан тинагаа гэж толгойгоо шаан өмнө нь сөхөрч унаад:
Хай, чи манайд ажил хий ваа. Би чамд сард 200 төгрөг өгваа гэх зэргээр ятгасаар үгэндээ оруулж амжжээ. Тэр цагаас эхлэн Цэцэгдарь Лигийн гуанзанд ажиллах боллоо. Хоёр сарын дараа гэхэд байдаг айл нь муухай ааш гаргах болсон учраас хужаагийн гэрт ирж ханзных нь нэг буланг өмчилж авчээ. Тэр үеийн хотын хүүхнүүд дэгжирхэн янлиутай янжуур татах мода дэлгэрээд байв. Луухааны шахалтаар Цэцэгдарь хэдхэн удаа татаад л тамхины сайхныг бишрэх болов. Үнэндээ тамхинд нь Ли дааяа хар тамхи хольдог байснаас тэр аж. Зорилгодоо хүрэхийн тулд Ли луухаан үнэндээ маш зугуухан хөдлөж байлаа. Хоёр сар орчим тамхи татуулахад Цэцэгдарь хар тамхинд донтогч болж хувирсан байв. Нэг л өдөр Цэцэгдарь өглөө босоод таттал ямар ч таашаалд хүртсэнгүй. Гайхахдаа Ли луухаанаас тамхи нь яагаад таашаал өгөхгүй байгааг лавлан асуухад нь:
Хай, Цэцигаа. Тэр тамхиа сайхаан зүйл хольсон байсаан. Тэрүү хольц ихээ үнэтэй. Монголд байхгүй ваа. Дотор газар ургадаг ургамалаа гэж ирээд л бүх үнэнийг палхийтэл нь хэлэхэд Цэцэгдарь хар тамхи гээч сургийг нь сонсож байсан зүйлдээ лавхан орсоноо ойлгоод айсандаа давхийн цочжээ. Гэвч хэрэг явдал нэгэнт оройтсон байв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.