Таван ханатай гэрийн дунд тавьсан навтгар ширээн дээр хувинтай айраг тавиад бид тав зургаан хүн тойрч суугаад том хулаар айраг ууж элдэв юм ярьж суулаа. “Хүнд тус хүргэе гэсэн үнэн санаа байвал чадалгүй боловч тус хүргэж болно” гэж буурал өвгөн Батсүх хэлээд энэ саналдаа нотолгоо болгож дараах зүйлийг ярьсан юм.
Би 1950-иад оны үед Дорнод аймагт цэргийн холбоонд ажиллаж байлаа. Манай зарим дарга нар аргал гэрээлэх гэж хэд хоног хөдөө айл хэсэж сүүтэй цай ууж явах юм. Би бас хөдөө мал маллаж өссөн хүн болохлоор хөдөөгүүр аргал гэрээлэх ажлаар явах асан гэж санадаг байлаа. Тэгээд би таньдаг Дорж даргадаа гуйлаа: “Хөдөө аргал гэрээлэхээр явахдаа намайг аваад яваач. Би хөдөөгүүр явж аяга сүүтэй цай олж уух асан гэж санаж байна” гэлээ. “Чи холбооны цэрэг, чамайг дарга чинь явуулахгүй байх аа” гэв. Би тэгэхлээр “Би даргадаа хэлье. Бас гуйя. Зөвшөөрөх байх” гэв. Тэгээд би даргад хэлсэнд дарга маань “Ганц хоёр өдөр юм бол яах вэ. Яваад ирнэ биз” гэж байна.
Хэд хоногийн дараа Дорж дарга бид хоёул морьтой хөдөө явлаа. Би винтовтой, Дорж гар буутай, хоёул цэрэг хувцастай явсан юм. Өртөө шахуу явж Өвөр Хөөвөр гэдэг газарт очиж унтлаа. Тэнд нэлээд гэр айл байсан боловч аргал гэрээлэх хүн бараг олдохгүй байлаа. Тэдний хэлэх нь: “Бид урьд аргал гэрээлсэн, гэрээтэй аргалаа өгч дуусаагүй байна” гээд аргал гэрээлэх хүн олдохгүй байлаа. Ар Хөөвөрт аргал гэрээлээгүй айл олон бий гэж тэндээс сонсоод маргааш өглөө нь эртхэн босоод хоёул Ар Хөөвөр орохоор явлаа. Сая нар гарч байх үед бид Ар Хөөвөрт хүрч очив. Хэдэн гэр айлын гадаа очоод буулаа. Гэтэл том цагаан гэрийн гадаа хэдэн хүн зогсож байна. Тэд нар хоорондоо “За даа мөн шүү, энэ мөн” гэж ярилцаж байх нь сонсдов. Тэд нар биднийг угтаж ирээд морьды маань тэрэгнээс уяж байна. “За гэрт морилж ор” гээд үүд сөхөж оруулав. Бид хоёр их гайхаж байлаа. Огт танихгүй хүмүүс биднийг их хүндэлж морь авч уяад л, үүд сөхөөд л, угтаж ирээд л байх нь хачин санагдлаа. Орж очсон чинь биднийг хүндтэй суудалд суулгаад л цай идээгээр зочилж гарлаа. “Та нар хаанаас хаашаа морилж явна вэ?” гэж байна. “Бид аргал гэрээлэх гэж явна” гэв. “А тэр болно. Аргал цэрэгт буулгаж өгөлгүй яах вэ! “ гэж байна. Бидний ажил ер нь бүтэж байна. Гэтэл нэг хар хүн бидэнд торгон хадаг бариад “Тусалж хайрла” гэж байна. Бид бүр их гайхчихлаа. “Яаж байгаа юм бэ?” гэж Дорж маань хэлээд хадгийг авахгүй байна. Тэр хар хүн хэлж байна: “Манай эхнэр хөнгөрөх гэж өвдөөд хэд хонолоо. Хүүхдээ гаргаж чадахгүй байна. Одоо дөнгөж амьд байна. Өршөөж тусалж хайрла” гээд уйлах шахаж байна. Тэгэхлээр харсан чинь зүүн урд хатавчинд нэг хүүхэн араг тэврээд амьдын төдий байж байна.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.