Элдэв сонин 18+

Савдаг хэмээгч юу болох тухай

Л Лемурийн нүд · 4 мин уншлага · 2026·10·07
‹ Буцах
Фонт 20px

Манай шим ертөнцийн тоо томшгүй амьтдыг ном сударт тархмал ба живж оршдог амьтад хэмээн хоёр ангилан бичсэн байдаг тухай үүний өмнө хэвлүүлсэн ном судартаа нэгэнтээ бид өгүүлсэн боловч энд товч дурдах нь илүүц болохгүй буй заа. Үүнд:

— Тархмал оршин амьдардаг амьтад нь хуурай газрын арслан, бар, заан, тэмээ зэрэг араатан адгуус малаас эхлээд шоргоолж шавж, мөн далай тэнгис, гол мөрний усанд оршин амьдардаг загас жараахай, халим, гүнбар, матар, газар уснаа амьдардаг хоёр нутагт мэлхий болон тэнгэр газрыг шүтэгч жигүүртэн шувууд цөмд багтдаг авай.

— Живж оршин амьдардаг амьтад нь мах цусанд төрсөн эгэл бидний усан нүднээ үл үзэгдэх зүйл бүрийн нянгаас эхлээд бэрд, лус, савдаг, чөтгөр шуламс хэмээн нэрлэдэг хий бод амьтад цөм хамаарагдах бөлгөө. Тэдгээрийн дотроос савдаг хэмээгч чухам юун болохыг үлгэр, домог хийгээд бурхны шашин, зурхайн ном судрыг эш болгон өгүүлсүү.

Савдаг нь Лусын нэгэн адил газар усны хий бод эзэн юм. Эл хий бод эздийн зарим нь ном сударт өгүүлснээр усан нүдтэд үл үзэгдэх боловч манай замбуу тивээс ч том орон зайг эзэлнэ. Савдаг нь дэлгэрэнгүйгээр авч үзвэл 1000 дунджаар 150, хураангуйгаар 91 байдаг хэмээх боловч дээр, доор, гадна, дотно, нууц, дахин нууцалсныг нийлүүлбээс түм бум тоотой болохоос гадна хурц, хортой, ширүүн, цог төгөлдөр, маш хэрцгий зэргээр бүдүүвчилж өгүүлэгдсэн нь 72, ашид өөрчлөгдөхгүй 21, газар дор орших 9, тэргүүтэн 102, жил, сар, өдөр, шөнийнхийг харгалзалгүйгээр үндсэн 9, шадар түшмэд 6, хүү нөхөр сэлт 45, гэр, орд харшийн гадна дотно дээр 110 ил, далд маш нууц 12, тэнгэр, намч эр, эм нийлж 231 гэх мэт маш олон янз, төрөл байдаг ажээ.

Савдгууд Лусын нэгэн адил улс гүрэн, аймаг мэт хаад, ноёд, түшмэд, жанжин, хатад, тус бүрдээ үүрэг хүлээн үйл гүйцэлдүүлэгч зарлага байдаг бөлгөө.

Лус, савдаг хэмээх хий бод ертөнцийнхөн хаад, хатад, ноёд, түшмэд, жанжинтай бөгөөд тэднийг дээд зиндааныхан хэмээн доордос нь маш их хүндэтгэн дээдэлж зарлиг тушаалыг ёсчлон биелүүлдэг авай. Лусын хаадын хатад цаг үргэлж хаантай хамт залардаг үлэмж эрхтэн дархтан авай.

Лус, савдгийн хаад, хатдаас эхлэн бүх эрхтэн тушаалтан, үйлчлэгч савдгуудын орон гэр ордон харш нь алт, мөнгө, шүр, сувд, эрдэнийн чулуугаар бүтсэн хосгүй гайхамшигт ариун тансаг бөгөөд тэдэнд дутуу юм гэж ер байхгүй бөлгөө.

Тэрчлэн тэдний хувцас хунар гоёл чимэглэл, багаж зэвсэг, эмээл, хазаар цөм чандмань эрдэнээр бүтсэн хосгүй нандин ажээ. Иймд савдгуудын өнгө зүс, сүр жавхлан, цог зол нь солонгын долоон өнгө цацруулж явдаг.

Лус, савдгийн хаад ноёд хатад, жанжин үйлчлэгчдийн уналга хөсөг нь олон янз байдаг. Үүнд: Тэсэ хаан тухайн ургасан жилийг хөлөглөн унадаг. Энэ 1995 онд модон гахайг унаж явна аа. Хааны түшмэд зангүн нь цоохор яст мэлхий унаж явдаг. Хааны бие сахигч Мисосэшар нь усны үхэр унаж явдаг гэх мэт болой.

Лус савдгууд нь замбуу тивийн газар усны доорх дээрх аливаа бүхнийг, тухайлбал байгаль эрдэнэс баялаг, ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудыг хариуцан эзэгнэн хайрлаж, хамгаалж байдаг хий бод ертөнцийнхөн бөлгөө.

Тухайлбал Тэсэ савдаг газар дэлхийн зүүн зүгийн нутаг орныг эзэгнэн хариуцдаг бол Зангүн савдаг урд зүг, Хампан савдаг баруун зүг, Биүжин савдаг хойд зүгийг тус тус эзэгнэн хариуцдаг ажээ.

Тэдгээр лус савдгууд нь тус тусын хариуцан сахидаг зүгийн газар, ус, булаг шанд ой мод, өвс ургамал, ан амьтад, жигүүртэн шувуудад хүмүүн төрөлтөн хайр найргүй хандах, нэн ялангуяа хүний шарил цогцсыг хамаа бус хаях хөдөөлүүлэх, харшлах зүгээс бэр буулгах, харш зүгт цэрэг хөдөлгөхөд машид хилэгнэн хорлол учруулдаг авай.

Ер лус савдгууд газар, ус, ан амьтан, мод ургамалд гэм хор хүргээгүй хүнийг хорлодоггүй, харин ээл ивээлээ хайрлан хүртээдэг хэмээнэ. Лус савдаг хэдийгээр хий бод амьтан боловч баясах, гомдох нь хялбар бөгөөд хэрэв гомдож хилэгнэвэл догшрон хэнийг боловч гэсгээн егүүтгэх чадалтай ажээ.

Хүн төрөлтөн улиран одсон олон арван он жилүүдэд төрж өссөн газар дэлхий, онгон атар байгаль, чандмань эрдэнэ рашаан булаг, ус унд хийгээд ургамал, ан амьтан, жигүүртэн, загас жараахайг аж төрөх хэрэгцээндээ захируулан эзэгнэн эдэлж, хүнс болгохын зэрэгцээ авах эзэгнэхийн шуналдаа улам хөтлөгдөн байгаль дэлхийгээ сүйтгэн ан амьтныг хядан, егүүтгэж, түүгээр ч үл барам хүмүүн төрөлтөн бие биедээ дайсагнан дайтаж, хядах егүүтгэх нь гаслан зовлонгийн далай үүсгэн цалгиулж буй нь газар дэлхийгээ, өөрсдийгөө хөнөөн устгахын аюулд тулган хүргээд буйг маш хожуу ухаарч байгаль дэлхийгээ хамгаалах тухай ярьж, сэтгэл түгшин зовниж буй нь харамсалтай.

✦
Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин ›
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ