Сэлэнгэд нэг өвгөн хятад тариачин байжээ. Тэр хятад нэг өдөр хөдөө явж байтал нэг жижигхэн сайхан цагаан хад дайралджээ. Эхнэр хүний мээм шиг өө мөөгүй бөмбөгөр цагаан хад байжээ. Түүнийг сонирхон харж байгаад дээр нь шээчихжээ. “Яах ч гэж энэ хөөрхөн хадан дээр би шээчихэв дээ” гэж жаахан гэмшсэн гэнэ.
Тэгээд хариад шөнө унтсан чинь зүүдэнд нь нэг залуухан хөөрхөн цагаан хүүхэн ирээд өвөрт нь ороод янаглаж амраглаад байж гэнэ. Түүнээс хойш шөнө бүр зүүдэндээ нэг залуухан сайхан хүүхэнтэй жаргадаг болжээ. Нэг сар өнгөрөхөд өнөөх хятад өлбийсөн цонхигор цагаан өвгөн болжээ. Арьс мах нь шуугдаад, тамир тэнхээ нь барагдаад үхэхэд хүрчээ.
Эмчид очиж үзүүлсэн чинь “Дусал задрах гэдэг өвчин болжээ” гээд мэдрэлийг нь эмнэж гэнэ. Хичнээн эмнүүлсэн боловч тус болсонгүй. Нэг удганаас очиж асууж гэнэ. Тэр удган хэлжээ: “Цагаан лусад бузар оруулсан байна. Тэр газартаа очиж сан тавьж, тахил өргө” гэж гэнэ. Тэгэхлээр өвгөн хятад өнөөх цагаан хадаа эрсэн чинь яагаад ч олж чадсангүй юм байжээ. Өвгөн хятад зүүдэндээ жаргаж өлбийж ядарсаар байгаад саяхан нас барсан гэдэг.