Эротик 18+ 2,500 ₮

Усны дусал шиг ихэр хоёр

Л Лемурийн нүд · 19 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px

Чука, Чулуунаа хоёр ихэр юм. Ихэр ихэрдээ бүр нэг өндөгнийх гээч. Ёстой л усны дусал мэт хоёр гэхэд болно. Энгийн нэгэн битгий хэл эцэг, эх нь ч ялгахад бэрх нөхөд л дөө. Ямар сайндаа л хөлд ортол нь хоёулангийнх нь бугуйд хоёр өөр өнгийн утас зүүж байх билээ.
Сургуульд ортол бүх юм нь ижил байж. Сургуульд орохдоо бүх юмаа тус тусдаа болгосон гэдэг. Эцэг, эх нь тэднийг зориуд өөр өөр сургуульд оруулжээ. Нэг өндөгний ихэр болохоор өндөр нам, өргөн нарийн нь ч адил, тэр байтугай ааш зан нь ч төстэй нь мэдээж. Бие бялдраас гадна оюуны чадавхи нь ч ижил байж таарна шүү дээ. Тиймээс сурлагадаа ч хоёулаа тун давгүй байсан юм байх. Ахлах анги хүртлээ хэн хэн нь өөрийгөө ангийнхандаа ихэр гэж хэлээгүй ажээ. Наймдугаар ангид байхдаа нэг удаа “дүрсгүйтсэн”-ээс болж ихэр болох нь баригджээ. Хаврын шалгалтын үе байж л дээ. Чукагийнх физикийн шалгалттай байж. Мань хүн орондоо Чулуунааг оруулчихгүй юу. Яагаад ч юм Чулуунаа физиктээ сайн байснаас тэр гэх. Бага зэрэг хоцорч ороод Чукагийн суудалд суучихаж. Чукатай хамт суудаг Одноо охин хүртэл анзаараагүй байдаг. Ойр зуурын юм яриад шалгалтын даалгавраа хийжээ. Багш нь ч мэдээгүй гэсэн. Аргагүй л дээ. Аав, ээж нь ч анзаарахгүй шахам ихрүүд шүү дээ.
Шалгалтын материалыг хураангуут яаралттай ажил гарлаа гээд гараад явчихаж. Нэг ширээний анд нь дуу муутай байсан ч ажил гарсан байлгүй дээ гэж бодоод Одноо ч нэг их сонирхсонгүй. Нийлдэг хөвгүүдтэйгээ ч уулзалгүй оджээ. Энэ бол далаад оны сүүлчээр болсон явдал гэдгийг өгүүлэх хэрэгтэй болов уу. Тэр цагт одоогийнх шиг баар сав, караоке байсан биш хажуугийнхаа гуанзанд хэдэн хуушуур яаран барин идчихээд гартал Чукагийн ангийн хэдэн бандитай халз таарчихжээ. Тэд ёстой алмайрна биз. Ангийнх нь Чука хоёр болчихоод зогсож байхад гайхахгүй хэн байх билээ. Тэр хоёрыг нэг хараад, өөрсдийгөө хараад хар, цагаан дуугүй гөлрөөд зогсоцгоочихжээ. Чука гэнэт ам нээж “За, танилцацгаа. Энэ бол миний ихрийн өрөөсөн Чулуунаа” гэжээ. Харамсалтай нь, тэр үед хоёулаа хувцсаа сольчихсон болохоор нэг хөвгүүн “Үгүй, Чука. Чи шалгалтад ороод яаран гараа биз дээ?” гэжээ. Ингээд хамаг үнэнээ хэлэхээс өөр аргагүй болсон байна. Гуанзандаа эргэж ороод ангийнхандаа бүх үнэнийг хэлжээ. Тэд итгэж ядан сонссон ч эрхбиш нэг ангид зургаан жил суусан учраас шал өөр хувцастай найзаа ялгахтайгаа болсон байлаа. Тэгээд сайхан танилцахаар барахгүй, Чукагийн ангийнхантай хамт Хүүхдийн паркаар зугаалах болсон байна. Ангийнхан нь цагийн дараа паркийн үүдэнд уулзахаар тохирсон тул тэр хүртэл цаг нөхцөөгөөд очих болсон аж. Цаг ч болдгоороо болж, найзууд ингэж тохирсон байна. “Бид холоос харж байя. Чулуунаа эхлээд оч. Дараа нь бид хамтдаа очицгооё” гэжээ. Бүх юм болдгоороо болжээ. Чулуунаа түрүүлж очоод ангийнхантай нь энэ тэрийг ярилцан зогсож байтал нөгөөдүүл иржээ. Энэ үеэс ангийнхан нь жинхэнэ шокод орно биз. Ангийнхантайгаа ирж яваа Чука руу нэг, хажууд зогсох “Чука” руу нэг хараад мэлрээд байцгаажээ. Хэн нь ч юу ч хэлээгүйг бодоход ёстой л “паник”-аасаа гараагүй биз.
Тэд ирээд “За, хоёр Чукагийн учрыг олцгоо” гээд бөөн инээдэм болсон гэдэг.  Чукатай хамт суудаг Одноо хүртэл “Үгүй ээ. Ямар хачин юм бэ?” гээд байн байн хараад байсан гэнэ билээ. Тэгж, тэгж хоёр Чукагийнхаа учрыг нэг юм олоод хамтдаа сайхан зугаалж, наадсан байна. Чулуунаа ч тэдэнд, тэд ч Чулуунаад таалагджээ. Үүнээс хойш үргэлж ирж байгаарай гээд Чукагийн ангийнхан сүйд гэнэ. Нэгэнт ийм болсноос Чулуунаагийн ангийнхантай Чука танилцах болов. Цагаандаа гарах хэрэг учирчээ гэсэн үг юм уу даа. Нэг өдөр Чулуунаагийн ангийнхан кино үзэхээр болж, цаг болзсон байна. Бага зэрэг хоцрох хэрэгтэй байв. Хоёулаа очоод, Чулуунаа холоос хараад Чука очжээ. Чулуунаатай хамт суудаг Чимгээ охин уурлаад сүйд гэнэ. “Чи муу дандаа юмнаас хоцорч байх юм. Үхсэнээ хийдэг байна аа. Тэгж яривал танайх хамгийн ойрхон нь биз дээ? Хамгийн түрүүнд чи л ирэх ёстой ш дээ. Чавганц царайлаад хамаг хог новштойгоо ноцолдсоор байгаад хоцорсон биз, чи” гээд ширэв татжээ. Чука тэгэхээс тэг гэж “Чи тэр Чулуунаагаа загнахгүй юу. Мөрөөрөө байсан хүн загнаад байхдаа яахав” гэчихэж. “Битгий солиороод бай. Мал минь, чамд л хэлж байна” гэсэн гэдэг. Чука сэмхэн Чулуунааг даллажээ. Тэр ч ирж явж. Ангийнхан нь ч шуугилдаад явчихаж. Хүүш ээ, юу болоод байна аа? Чулуунаа гэж үү? гээд Чука руу харц шидэцгээжээ. “Та нарын загнах ёстой хүн ирж явна даа” гээд Чука инээмсэглэжээ. Ангийнхан нь ёстой жинхнээсээ шоконд ороод, хий дэмий л “Ийм юм бас байдгаа” гэцгээжээ.
Чулуунаа ч ирээд Чука руу харан “Ах энд юу хийж яваа юм бэ?” гэхэд “Чамайг хоцорч ирнэ гэдгийг хэлэх гэж ирээд энэ охинд зад загнууллаа” хэмээсэн байна. Ингээд мөн л сайхан танилцацгаан киногоо ч үзээд жаал зугаалаад тарцгаажээ. Чулуунаагийн ангийнхан “Чи ихэр гэдгээ бидэнд яагаад хэлээгүй юм бэ?” гээд байн байн шалаад байсан гэнэ билээ. Ингээд хэн хэн нь хоёр биенийхээ хамт олонтой сайхан танилцсан байна. Гэхдээ л ялгах хүртлээ их л удсан гэнэ билээ. Нэгэнт ахлах ангид орсон, тэгээд ч шилжилтийн насанд очсон болохоор багагүй адал явдал тэр хоёрт тохиолдох болсон байна. Арга ч үгүй шүү дээ. Хар нялхаасаа бие биеэсээ алхам ч холдоогүй хоёрын бүхий л үйлдэл, үг яриа ижил байлгүй яах вэ. Бүхнийг хамт хийнэ, бүхнийг хамт иднэ гээд юу эс мундах билээ. Бас нэг хөгжилтэй юм ярихгүй бол болохгүй нь ээ. Чука параллель ангийнхаа Чимгээ гэх охинтой дотно сайхан үерхдэг байж л дээ. Анхны хайр нь байж. Тэврэлдэх, үнсэлцэх энүүхэнд байсан юм байх. Дашрамд өгүүлэхэд, зохиолын маань хоёр баатар зүгээр ч нэг ихэр биш бурхнаас заяасан гэмээр биерхүү, царайлаг хөвгүүд байж. Нэг өдөр мөн л сахилгагүйтэх санаа төржээ. Чи Чимгээгийнд очоод дуудаад гаргаад ир. Тэгээд тэврээд жаал ярь, үнссэн ч болно гэжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ