Элдэв сонин 18+

“ВАНЛИЙ” хэмээх дууны тухай

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·18
‹ Буцах
Фонт 20px

Гучаад оноос хойш олон жил хориотой байсан “Ванлий” дууг 1979 онд дуучин Адарсүрэн, 1980-аад оны үед дуучин Вандан, Дуламсүрэн нар Монгол даяар уянгалуулсанаар хүн болгон л “Ач үрийг чухал гэсээр байтал амраг Ванлий заяажээ хө” гэж аялдаг байж билээ. Үүнтэй уялдаад “Ванлий” дууны этгээд хачин түүх албан ёсоор бус аман яриагаар хөвөрдөг байлаа. Жишээ нь, “Хориод оны үед нийслэл хүрээнд нэг завхай эр өөрийнхөө төрсөн охинд дурлаад, түүнийгээ 18 нас хүртэл тэжээж тэтгэж байгаад авч суухдаа “Ванлий” гэдэг дуу зохиосон юм гэнэ ээ” гэж ирээд л цуурдаг байлаа. Үнэхээр ч “Ванлий” дуунд охиндоо дурласан байж мэдэх эцэг хүний үг цухалздаг бөгөөд “Ач үрийг чухал гэсээр байтал амраг Ванлий заяажээ хө, Арчлан тордож өсгөсөөр байтал арван наймыг насалжээ хө, Алдар цуутай Баянжаргал бүсгүйгээс Ахадмаар төржээ, ай Ванлий” гэх бадаг байдаг нь дээрхийг гэрчилнэ. Наяад оны тэр үеэс эхлээд монголчуудын дунд “Ванлий” гэдэг хэлц үг гарсан бөгөөд хэн нэгэн бүсгүй сайхан хувцас өмсөөд хажуугаар зөрөхөд “Зохисон ч гэдэг нь Ванлий яа” гэх жишээтэй. “Ванлий” дууны жинхэнэ домог нь дээрхээс арай өөр байх бөгөөд 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед “Алдар цуут” Баянжаргал хэмээх хүрээний сайхан бүсгүйд Да лам Буянхишиг аргагүй сэтгэл алдарч байсаар,

“Алтан гургалдайг барина гэвэл

Арвай буудай хэрэгтэй еэ ай хөөрхий

Ааш муутай хүний үрийг дасгая гэвэл,

Арга ухаан хэрэгтэй еэ, ай Ванлий” хэмээсэн уртын урт дуу зохиосон түүхтэй ажээ.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ